Нийслэлийн Засаг дарга асан С.Батболдтой холбоотой хууль бус гэх асуудлаар “Ардын заргын товчоо” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. “Ардын заргын товчоо” ТББ-ын УЗ-ийн дарга С.Зоригтбаатар ” Хотын захирагч асан С.Батболд нь 2017 оны наймдугаар сарын 21-ний өдөр А-609 тоот захирамж гаргасан байдаг. Захирамжийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын 96 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тухайн үедээ байгаль орчинд ээлтэй сайн зүйл боллоо гэж бодсон. Гэтэл тусгай зөвшөөрлүүдийг нь цуцлахад хоёр хууль бус үйлдэл илэрсэн нь хуулиар тогтоогдсон.
Засаг дарга асан Су.Батболд захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу шийдвэрийг гаргадаг. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37.2-т Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл цуцлахдаа цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш 10 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдэгдэх үүрэгтэй байдаг. Гэтэл ингэж мэдэгдээгүй гэдгийг шүүх өнөөдөр тогтоосон.
Тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн дагуу бусдын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн үйл ажиллагааг нь зогсоох гэж байгаа бол тухайн хүмүүстэй ярилцаж, оролцоог нь хангадаг. Өөрөөр хэлбэл ямар ч оролцоо байхгүйгээр цуцалчихсан байна.
Ингээд цуцалсныхаа маргааш нь нэг компанийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн. Нэг жилийн дараа гэхэд 70 аж ахуйн нэгжтэй эвлэрлийн гэрээ байгуулах нэрээр зөвшөөрлийг нь сэргээсэн байна. Энэ нь ямар нэгэн байдлаар хээл хахууль авсан байж болзошгүй гэдэг хардлага төрүүлж байгаа.Мөн зөвшөөрлийг нь цуцалсан таван компанийн шүүхийн асуудал дээр С.Батболд ялсан. Ялагдсан компаниудын ирүүлсэн мэдээллээр хууль бус нотлох баримт бүрдүүлж аж ахуйн нэгжүүдийг хохироосон байсан. Иймээс хохирсон ахуйн нэгжүүд хохирлоо төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Мөн хотын дарга асан С.Батболдын шинээр олгосон 90 тусгай зөвшөөрлийг цуцалж, Су.Батболдыг АТГ-т шалгуулах шаардлагатай” гэв.
Н.Алт