Байгаль дээр буруу зүйл гэж ер байхгүй. Хэрэв буруу сондгой зүйл байх аваас байгаль өөрөө устгаад өөрийгөө цэвэрлэчихдэг. Мал нь өвсөө иднэ, малыг чоно иднэ, чоно байгальдаа шингээд алга болно, малын үүлдэр угсаа дагаж цэвэршинэ. Энэ бол байгалийн хууль. Байгалиас хэн ч муу зүйл олж харахгүй. Байгалийн хүчин зүйл, байгалийн зохицол гээч үзэгдэл нь монголчуудын ахуй амьдрал, ухамсарт орж ирээд олон үеэр нь шингэчихсэн учраас байгалийн амьдрал нь давамгайлчихсан, түүнийгээ гээж нийгмийн амьдрал руу орж ирэх гэж л 29 жилийн турш тамын амьдрал туулж, өөрсдийгөө тамлан амьдрах бөлгөө.

Байгальлаг чанар, байгалийн хамааралтай аж төрөл нь “нүүдлийн соёл иргэншил” гэх сүрлэг нэр хаягтай, хөдөөдөө л байж байвал таарах тэр “соёл иргэншил”-ээ хотод авчирч наах гээд тамын амьдрал буй болгочихсон.

Эдэнд шийдсэн юм өөртөө ч, улсад ч алга. Нийгмийн амьтан болж чаддаггүй, байгалийн хуулиараа л дээр дороо ороод үзэлцээд байх шиг. Нийслэлийн унаган иргэдэд бол тэд харийн, гадаадын иргэд шиг харагдахаар, тийм их ялгаа зөрүү гараад иржээ. Эрхбиш монгол хүн гэсэн им тамга, шинж тэмдэг нь байх нь байнаа.

“Хүргэн хүү” хэмээх МУСК-ны эзэгтэй Должин, согтуу Хайдав нарын харилцан яриа буй: Би чинь буурлын хөрөнгийг баяжуулагч нь биш бууруулагч нь шүү дээ, гар татахгүй бол эрүү хамхихгүй иднээ хөө, мөнхийн юм гэж хаа байхав, үхэхээсээ өмнө сэтгэлээ ханатал жаргаж цэнгэж байж үхье гэж боддог боллоо Должин минь, хохьмой толгойн дор залгаастай хоёр хөл л үлдсэн юм, эр хүн долоо дордож найм сэхдэг юм даагэхчлэн. Байгальлаг чанараасаа салж чадахгүй яваа мянга мянган монгол эрчүүдийн төрхийг энэ кинонд яг хэлээд тавьчихсан юм болов уу гэж би бодоод байдаг юм.

Нөгөө ядуу байгаагийнх нь шалтгааныг л хайгаад байна. Тэр “ядуу”-д нь өөрсдөө яагаад буруугүй вэ гэж би мөн ч их бичсэн дээ. Ихэнхи монгол эрчүүд энэ Хайдав шиг биш л дээ. Гэхдээ үлэмж нь тийм байгаа. Тийм учраас “ядуу” байгаад байгаа хэрэг.

“Хүргэн хүү” кинонд хадам эх нь “Нөгөө гайхуулдаг нэгдлээсээ л авна биз” гэсэн тав тохуурхал дуулддаг. Нэгдэлд элссэн ядуу малчдыг доромжилж буй нь. Яг түүн лугаа нэлдээ ядуурчихаад буй гэр хорооллын борчуулыг “Нөгөө гайхуулдаг төр-засгаасаа л авна биз” хэмээн хэн нэгэн хүн бүү тавлаж байгаасай гэсэндээ киноноос эшлэж байна шүү дээ.

Ядууралд лиценз, түүнийг эзэмшигч ямар хамаатай вэ? Монголд уул уурхай, ашигт малт­мал ингэхэд хөгжиж байна уу, үгүй юү? Яндашгүй тэр их баялаг чинь нийгмийн нийтийн баялаг болж яагаад чаддаггүй юм бэ? Уул уурхай дагасан нэг том хар “цоорхой” байх нь байнаа. Тэр ньбүх баялгийг сорж алга болгодог ч юм шиг. Хожигч нь албан тушаалтай, мөнгөтэй, мөнгийг соронз мэт татаж чаддаг, цөөхөн нөхөд хождог, бусад нь байнга хохирогчид байдаг гэх сэтгэхүй Монголын нийгмийг хучсан. Нийгэм дэх үзэн ядалтын суурь нь энэ.

Нийгэмд 5-хан хувь нь их баян, 80 хувь нь ядуу байх юм бол тухайн нийгэмд сайн сайхан ирэхгүй.  Өнөөдөр цөөхөн баячуудаа ядуу олонхиосоо хамгаалах уу, эсвэл цөөхөн баячуудаасаа ядуу олонхио хамгаалах уу гэх асуултыг төр-засгийн эрх баригчид яг тавьж байна. Бугшиж буй тэсрэлтийн өмнөх Монголын гол зовлон эндээс эхтэй.

Одоо бүр эвгүй статистик байна. Монголын 10 хүн тутмын нэг нь өөр оронд амьдрахыг илүүд үздэг, 21-48 насныхны дунд судалгаа явуулахад тэдний 79 хувь нь гадаадад гарч амьдрах хүсэлтэй хэмээжээ. Хэрэв боломж нь олдоод виз нь бүтчихвэл бөөндөө нутгаа орхиод явахад яг бэлэн гэсэн үг. Эх орон чинь эзэнгүй болох нь байна шүү дээ!

Ард түмэн чинь ядуу байна хэмээх Ерөнхий сайдын үгэнд хариулт хайгаад элдэв өнцгөөс л бичээд байгаа хэрэг шүү дээ.

Нийгмийн хөгжил тогтвортой, үр нөлөөтэй, сайн сайхан болж чадахгүй байгаад ерөөсөө бүх монголчууд бид бултаараа буруутай гэчихвэл урвагчаараа дуудуулчихна.

Эрх чөлөө, ардчилал нь аврал болж чадахгүй, 5-хан хувь нь их баян, 80 хувь нь ядуу, тэр 80-ын 30 хувь нэн ядуу нийгэмд сайн сайхан ирэхгүй байгаа нь Монголд нийтээрээ шахуу зүг чигээ алдаж, тамын тогоо руу явж байгаа юм биш байгаа гэсэн эмзэглэлийг сэтгэдэг боддог олон монгол хүний тархинд гүн суулгаж байна. Цаашдаа яанаа гэдэг асуулт олон хүний өдөр шөнийн бодол зүүд мэт болжээ.

“Яасан энэрэлгүй хорвоо вэ?” хэмээн “Хүний мөр” МУСК-нд өгөр толгой Гүрсэд өөртөө хэлж байдаг дүрс буй. Мөн “Тунгалаг Тамир” МУСК-нд “Хорвоо! Чи хүний зовлонд цадах болоогүй юу?”  гэх хорсол цөхрөлийн үгс дүрснээ гардаг. Эдүгээ ихэнхи монголчууд ингэж үглэж яваа.

Дээрхи их лайны хамаг буруутныг төр, засаг, эрх баригч намууд, олигархи, нэг үгээр тэр бүх баялгийг соронз мэт татаж чаддаг цөөхөн нөхдүүд хэмээн монголчуудын дийлэнх нь үздэгийг арай өөрөөр сөргүүлж нэрлэе. Үүнд төр ч, засаг ч, лидерүүд нь ч, хандивлагч гадаадын түншүүд ч, ер нь эдний хэн нь ч 100 хувийн бурууг үүрэхгүй. Буруугийн, муугийн үлэмж, магадгүй дийлэнхи хувийг бүх баялгийг соронз мэт татаж чаддаг цөөхөн нөхдүүдийг өөгшүүлсэн, дагалдаж намирсан, “нийгмийн халамж”-инд нь уярч хайлсан бэлэн юм хүртэх дуртай монголчууд бид өөрсдөө үүрэх ёстой.

Яагаад гэмгүй, цайлган монголчууд буруутах ёстой юм бэ? Яагаад гэвэл манай өнөөгийн нийгмийн харилцаа маань тэр чигээрээ нүднээ үл үзэгдэх феодалын харилцаан дээр суурилж байгаа учраас тэр! Энэ бол нөгөөх буруутны, буруугийн гол нь. Гол угшил нь “байгалийн амьтан”-аас “нийгмийн амьтан” болох тэр шилжилтэд нь байна. Ийм угшил дээр монгол хүн өсч бойжиж, хүн болж, насаа өнгөрөөж, ясаа тавьж байна. Феодалын харилцаа амь бөхтэй оршсоор байгаа учраас л бүх баялгийг соронз мэт татаж чаддаг цөөхөн нөхдүүд толгой дээр байнга сандайлаад, бид байнга сандайлуулаад байгаа юм.

Монголын нийгэм–эдийн засаг тэр чигээрээ феодалын иерархи ёсны хэлбэртэй явж ирсэн, одоо ч тийм байна. Феодалын харилцаа гэдэг бол нийгмийн маань бүх харилцаа барьцааны, түрээсийн, хамжлагын шинжтэйг хэлнэ. Хар зөнгөөрөө, жам хуулиараа бүтэж байгаа ажил төрөл манай нийгмийн хаа ч байхгүй, заавал хэн нэгнээс хамааралтай, эсвэл аваа өгөө, хариутай нэхэлтэй, бүр нэхэл хатуутай.

Оросууд энэ орныг феодалын харилцаанаас нь гаргах гэж 70 жил зүтгээд эцсийг нь үзэж чадалгүй орхиж явсан. 1990-ээд оноос диалектикийн хуулиар, бас бидний гэнэн төсөөлснөөр нийгмийн цоо шинэ харилцаа төлөвших ёстой байтал 29 жил зүтгээд нөгөөх нь байдаггүй. Уг нь сонгож авсан зам нь ардчилал, хувь хүний эрх, эрх чөлөөн дээр тулгуурласан зах зээлийн чөлөөт эдийн засгийн харилцаа, түшсэн нөхөр нь өрнөдийн ардчилсан орнууд, хуулбарласан засаглал нь тэдний засаглалын институциуд, гэтэл яагаад феодалын иерархи ёсны, барьцааны, түрээсийн, хамжлагын нийгэм оршсоор байна вэ?

“Нүүдэлчний”, “феодалын” түүх маань угаасаа монгол хүнийг бүрэн төлөвшүүлж чадахгүй явж иржээ. Заавал хэн нэгнээс хамааралтай, эзэн ноён, лам багш, дарга даамал, нэгдлийн дарга, намын дарга, багш, эцэг эх, орчин цагт захирал, ерөнхийлөгч, бөө, үзмэрч, засал хийгч,ивээн тэтгэгч, хандивлагч, улс төрийн нам нь … гээд хөвөрч өгнө. Заавал хэн нэгэнд өөрийгөө даатгуулдахгүй бол амьдрал байхгүй гэсэн шиг. Хүн дээр авч ярилтгүй, өөрөөр бас жишээ олж болно. Нүүдэлчний аж ахуй маань байгалиас нэн ихээр хамааралтай, хар зөнгөөрөө байгальд өөрийгөө ба малаа даатгачихна. Тэнгэр бүү муухайраасай гэж араас нь залбирна, аз түшнэ.

Нэгэнтээ даатгуулдаг амьдрал үйлчлээд ирэхээр сэтгэн бодох, өөрийгөө авч явах, амьдралаа өөд татах, энэ тэр чинь лөөлөө болж өгнө биз дээ? Өөрөөсөө болж ядуурснаа төрөөс боллоо гээд мөнгө нэхэмжлээд үнэрхээд ирэхээр чинь үүн дээр Монголын улс төр нь тоглож өгнө. Бүх шатны сонгуулиуд зөвхөн үүн дээр л дөрөөлж ирсэн.

Эрх барьж байгаа буюу эрх барьж магадгүй улс төрийн намд өөрийгөө даатгадаг гаж үзэгдэл бол Ерөнхийлөгч Х.Баттулгын дээхнэ нэг удаа хэлсэнчлэн “Алх барьсан хүнд бүх хүн хадаас шиг харагддаг” тэр алх баригч нөхөрт өөрийгөө даатгадагийг л хэлж байгаа юм. Энэ бол Монголын өнөөгийн улс төрийн гол философи нь. Энэ бол бидний нөгөө салах дургүй барьцааны, түрээсийн, хамжлагын, нүүдлийн шинжтэй феодалын харилцааны чинь гол мөн чанар нь!

Феодалын, барьцааны, түрээсийн харилцааны золиос болсон нэг хүндтэй эрхмийг дор жишээлье. Монголын чөлөөт бөхийн загалмайсан эцэг С.Магсар ганцаардлын дунд нас барлаа гэсэн санаагаар дараахи хурц дүгнэлтүүдийг хийжээ: – Гэтэл тэрбээр атаархал, хар хорон санааны асар их довтолгоонд өртөх болсон. Сайн зүйлийг үзэн ядах гэгч нэн аймшигтай. Одоо бол тийм үзэгдэл бүр асар их болсон. Тухайн үед бол Магсар дээр л тэр булай балай үзэн ядалт илэрч байж. Энэ нь бүр нийгмийг бүхэлд нь хамарч, том дарга сайд нар ч “биднээс илүү гарав” хэмээн түүнийг хялайж, улс төрийн хэлмэгдүүлэлтэд хүргэж, Магсар багшийг ажлаас нь хөөж, гавъяа шагнал, байрыг нь хурааж, тусгай тогтоолоор буруушааж, хөдөө цөлөн солиорч байсан юм. Чөлөөт бөхийн алтан үеийг бүтээж, улс орныхоо алдар нэрийг мандууллаа л гэж тэр. Муу зүйлийг, муу хүнийг тахин шүтэж, сайн зүйлийг, сайн хүнийг үзэн ядаж, хэлмэгдүүлэн хохироож, хавчин зовоож эцэст нь хүнд өвчин тусаад байхад нь туслалгүй тарчлаан зовоож үхүүлдэг энэ булай муухай нийгэм хэзээ өөрөө үхэж мөхөх бол доо гэжээ.

Заавал хэн нэгэнд өөрийгөө даатгуулдахгүй бол амьдрал байхгүй гэсэн хуультай энэ харилцааг, барьцааны, түрээсийн, хамжлагын шинжтэй феодалын харилцааг сөнөөсэй гэж энд шууд уриалан дуудахгүй ч сэтгээч гэж уриалангаа өөрийгөө даатгуулдаг гэнэн цайлган монголчуудыг бөөгнүүлээд ганцхан тодорхойлолт өгчихмөөр санж. Сайхан сэтгэлтэй, муу санаатай улс. Сайхан сэтгэл нь байгаль дэлхий шигээ налгар ариун, нуль эрх чөлөө,гэхдээ таньж мэдэхгүй том хотод орж ирээд аж төрөх гэж муу санаа суучихсан. Сайхан сэтгэл, муу санаа хоёр нь хосолдоггүй, тэр нь тамын амьдрал болчихсон. Улаанбаатарын гэр хорооллоор жишээлээд үз. Нийслэл рүү түм, бумаараа нүүдэллэн орж ирээд үржээд, гэхдээ үхээнц амьдраад нийслэлийг муухай харагдуулж байгаа нүүдэлчний төрх. Байгалийн зохицол нь хүнд муу санаа суулгахаас биш яг ухаан суулгадаггүй. Харин монголчуудын ихэнхи нь муу санаагаа ухаан гээд бодож ойлгочихсон. Муу санаа нь тэдэндээ хоргодох байр нь болчихсон. Гэтэл муу санаа нь тулга тойруулаад өдөр хоногийг аялуулаад байхаас гол асуудлыг шийддэггүй.

“Тархины хогийг цэвэрлэе” гэх хөдөлгөөн facebook.com/groups/ гээд сошиал дотор явж байдаг. Гэгээрэл рүү чиглүүлсэн гэгээрлийг хүсэмжилсэн агуулгатай. Түүнийг дэмжээрэй. Тэнд муу санаа, жинхэнэ ухаан хоёрын ялгааг байнга сануулдаг.

Хэнд ч захирагдах дургүй, хэнтэй ч зохион байгуулагдах хүсэлгүй, хар зөнгөөрөө явах тэр нэг чанар нь ардын зүйр үгсэд нь хүртэл шингээстэй: Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов ч гэх шиг. Хүний эрхээр жаргахгүй ээ гээд хүн амын гуравны нэг нь хэргээр (бүр хор шарандаа) өм цөм ядуурчихсан, түүнээсээ толгойгоо дээш цухуйлгадаггүй. Тэгэхлээр ийм цэцэн үгсээ сөрсөн шинэ хэлц үг олцгооё!