Сэтгүүлч М.Батдорж сангийн нэрэмжит оюутны тэтгэлэгт уралдааны эзэд шалгарлаа

“Сэтгүүлч Батдорж” сан жил бүрийн 03-р сарын 06-ны өдөр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд эссе бичлэгийн уралдаан зарлаж, 05-р сарын 03-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ялагчдыг тодруулдаг уламжлал тогтсон. Өмнөх жилүүдэд “Цахим орчин дахь бидний араншин”, “ Эх хэл- Монгол дархлаа” зэрэг сэдвүүдийн хүрээнд уралдааныг зохион байгуулсан бол өнөө жил “Шинэ монголын тухай” гэсэн сэдвийн хүрээнд болсон байна.

Энэ жилээс уралдааны шалгуурт өөрчлөлт оруулж, хоёр үе шаттай зохион байгуулжээ. Эхний шатанд эссе бичиж, дараагийн шатанд шалгарсан оюутнууд телевизийн сурвалжлага бэлтгэж, өрсөлдсөн байна. Уралдаанд МУИС, МУБИС, Отгонтэнгэр Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, РТМУС, Сити Их Сургуулийн оюутнуудаас 36 бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд 11 оюутан шалгарчээ.

Тэргүүн байрт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн II ангийн оюутан Н.Энхтэнгэр “Хачин хүмүүс” сурвалжлагаараа шалгарч бүтэн жилийн сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг гардан авлаа. Тусгай байрт МУИС-ийн 3-р курсийн оюутан Б.Сарангэрэл, ХҮИС 2-р курсийн оюутан Х.Хулан, МУИС 3-р курсийн оюутан Х.Үүрийнтуяа, МУИС 3-р курсийн оюутан Т.Энхнаранжав, МУИС 2-р курсийн оюутан С.Чүнсэрээ нар шалгарч өргөмжлөл, мөнгөн урамшуулал хүртсэн юм.

“Сэтгүүлч Батдорж” сан нь 2014 онд байгуулагдсан бөгөөд залуу сэтгүүлчдийг дэмжих,  сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус сан нийт 5 оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг, 25 оюутанд мөнгөн урамшуулал олгосон байна. Үүнд сангаас 14.5 сая төгрөг зарцуулжээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …