“Монгол ньюс” мэдээллийн төвд Тост тосон бумбын нурууны сав газарт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби Коал Транс” компанийн талаар өнөөдөр /2019.05.15/ мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд “Тост, тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөн”-ийг санаачлагчид болох МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын Гавьяат зүтгэлтэн, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын мастер Г.Өсөхбаяр нарын Өмнөговь аймгийн уугуул иргэд оролцлоо.
Тост, Тосон Бумбын нуруу орчмын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль экологи, хүн ам, амьтан ургамалд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар дараах мэдээллийг өглөө.
Тэд”Тостын нуруунд уул уурхайн хайгуулын 13, ашиглалтын 3 тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэсэн албан бус мэдээлэл байна. Үүнээс ашиглалтын нийт 59515.68 га талбай байгаагийн 73 орчим хувь буюу 43153.96 га талбайг “Саусгоби коэл транс” ХХК дангаар эзэмшдэг гэсэн тоон баримт байна. Бид энэ тоо баримтыг дахин нягталж байна. Өөрөөр хэлбэл Тостын нуруунд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ААН-үүдээс хамгийн их түүний дотор хамгийн том ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай эзэмшиж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби коэл транс” ХХК Тостын нуруунд том ачаа болж өнөөх УИХ, ЗГ-ын тогтоолуудаар тусгай хамгаалалтанд авагдсан Тост,Тосон бумбын нуруу орчмыг тоостой нь хольж, амьд хүн бүү хэл барагтай амьтан тогтож сууж, ургамал төрөл зүйлийг нүдэнд харагдаж гарт баригдах юмгүй болтол нь талхлан сүйтгэж байгаа “хэргийн гол эзэн” болж байна. “Саусгоби коэл транс” ХХК-ийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон нутгийн иргэдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой халдаж, онгон байгаль нутаг усыг минь ухаж сүйтгэн, байгаль экологи, амьтан ургамалд нөхөж баршгүй хор, хохирол учруулж байгаа үйлдлийг таслан зогсоохын тулд Үндсэн хууль болон Байгаль хамгаалах тухай хуулиар олгогдсон иргэний эрх, үүргээ ухамсарлан дээрх үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Уул уурхайн яам, Баягаль орчны яам, Зам тээвэр хөгжлийн яаманд тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлэхээр шаардлага хүргүүлж, энэ асуудалтай хамтдаа тэмцье” гэж төр засаг, хууль хяналтын байгууллага, нийт иргэд, хэвлэл мэдээллийнхэнд хандан уриалав.
Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүлнэ
“Тост, тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөн”-өөс Монгол Улсын Засгийн газарт дээрх асуудалтай холбоотойгоор шаардлага хүргүүлж байгаа аж. Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Өмнөговь аймгийн төвөөс баруун зүгт, Гурвантэс сум буюу суурьшлын томоохон бүсээс ердөө 40 орчим км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газартай хиллэн оршдог, Говийн Алтайн нурууны салбар, зүүн төгсгөл, Монгол орны улаан номонд бүртгэгдсэн олон төрөл зүйл сүүн тэжээлтэн, хөхтөн амьтад, говийн ховор ургамал бүхий Монгол орны өмнийн говь дахь экологийн чухал ач холбогдолтой газрын нэг бол Тост, Тосон Бумбын нуруу билээ. Тостын нуруунд уул уурхайн хайгуулын 13, ашиглалтын 3-н тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, байгаа бөгөөд үүнээс ашиглалтын нийт 59515.68 га талбайн 73 орчим хувь буюу 43153.96 га талбайг “Саусгоби коэл транс” ХХК дангаар эзэмшдэг гэсэн баримт байна. Өөрөөр хэлбэл, Тостын нуруунд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ААН-үүдээс хамгийн их талбайтай, түүний дотор хамгийн том ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай эзэмшиж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби коэл транс” ХХК-ийн уурхайн орчимд ойролцоогоор 75 өрхийн 22847 толгой мал, 20 гаруй булаг шанд, “Хүрэн ханын хэц” нэртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар, усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог байгаль экологийн онцлог бүс орсон байна. Иймээс энэ нуруунд бүрэлдэж байгаа урсац Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг шандыг тэжээж байдаг учир “Саусгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн ашиглалт, тээвэрлэлтийн улмаас энэ бүс нутгийн усны нөөц багасч, булаг шанд ширгэн, ундны усны чанар, аюулгүй байдал алдагдан, айл, өрхийн ундаалдаг худагны усны хэмжээ эрс багасч, Тост, Тосон бумбын нуруу төдийгүй Өмнөговь аймгийн 3-4 сумын нутаг дэвсгэрийг хамарсан олон салаа зам үүсч, тоос шороо дэгдэн, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдан, хайгуулын өрөм тавьж дээж авах зорилгоор ухсан цооногуудад зэрлэг ан амьтан, мал унаж эндэн, зэрлэг ан амьтан дайжин үгүй болж байна.
Энэ бүхэн “Саусгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, стандартыг дагаж мөрддөггүй, алхам тутамдаа зөрчиж байдагтай шууд холбоотой гэж үзэж байна. Иймд дээрх ААН-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль экологид учруулсан хохиролыг бодитойгоор судлан тогтоох чиглэлээр дараах арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байна. Үүнд:
- “Ашигт малтмалын тухай хууль”-д зааснаар ААН нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахдаа хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэхийг үнэлж тогтоосон байхаас гадна ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авахын өмнө, болон зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж тухайн уурхайн ажиллагааны явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тодорхойлон уурхайн ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, агаар мандал болон усны бохирдолт, хүн, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх цогц арга хэмжээг тусгаж, газрын гадаргуугийн болон гүний усыг хамгаалах, ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй байна. “Саусгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хуулиар тогтоосон дээрх шаардлагыг хэрхэн хангаж ажиллаж байгааг эрх хэмжээнийхээ хүрээнд хянаж, шалгаж бодит нөхцөл байдлыг тогтоож, дүгнэлт гаргах.
- Мөн “Ашигт малтмалын тухай хууль”-д зааснаар тухайн ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлдээ тухайн уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, дэд бүтцийг хэрхэн бүрдүүлэх, үүнд шаардагдах хөрөнгийн талаар тодорхой тусгасан байх ёстой бөгөөд “Авто замын тухай хууль”-д заасанчлан Саусгоби коэл транс” ХХК нь дотоодын буюу уурхайн олборлолт, ашиглалтын талбайн эзэмшлийн нутаг дэвсгэр дэх хэрэгцээнд зориулан барьсан авто зам, мөн уурхайгаас нүүрс, нурмаг ачаа тээвэрлэж байгаа хүнд даацын машин, механизмын тусгай зориулалтын тээврийн үйлчилгээнд зориулсан авто замууд болон замын байгууламжийг барих, шинэчлэхэд шаардагдах хайгуул, геологийн дүгнэлт, геодезийн хэмжилтийн тайлан, байгаль орчны судалгаа, нарийвчилсан зураг, техникийн шаардлага, өртгийн тооцооны нэгдсэн баримт бичиг боловсруулж, норм, норматив, техникийн үзүүлэлт, стандарт шаардлага хангасан байдлыг холбогдох хуулийн шаардлагын хэмжээнд хянаж, шалган, зам, дэд бүтэц нь шаардлага хангасан эсэхийг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор тогтоох.
- “Саусгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааны явц дахь авто замын хөдөлгөөний эрчим буюу тухайн авто зам, замын байгууламжаар нэгж хугацаанд зорчиж байгаа авто тээврийн хэрэгслийн тоон үзүүлэлт, голлон ашиглаж байгаа тээврийн хэрэгсэл, машин мехнаизмын төрөл, ангилал, түүний говийн эмзэг зөөлөн хөрс бүхий газрын гадаргад орчинд үзүүлэх нөлөөлөлийг судалж, одоо бий болсон сөрөг нөлөөллийг нарийвчлан тогтоож, эрсдэл, хохиролыг үнэлэх.
- Уурхайн олборлолт, нүүрс, тээвэрлэлтийн явцад Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчиж явуулж байгаа үйлдэлд нь хяналт, шалгалт явуулж дүгнэлт гаргах.
- “Байгал орчны нөлөөллийн байдалд үнэлгээ хийх тухай хууль”-д заасны дагуу “Саусгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь Тостын нуруу орчмын бүс нутаг дахь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учруулж байгаа сөрөг нөлөөлөл, үр дагаврыг уур амьсгалын өөрчлөлт, ган гамшиг, байгаль цаг уурын сөрөг үзэгдлүүдтэй холбон судалж, одоо бий болсон байгалийн нөхцөл, орчны өөрчлөлтийг мэргэжлийн байгууллага, шинжээчдийн баг гарган ажиллуулж судлуулан, бүс нутаг дахь хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа хам болон давхардмал сөрөг нөлөөллийг тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ авах, байгаль орчинд учруулж байгаа сөрөг нөлөөлөл, үр дагаврыг тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоох чиглэлээр бодит арга хэмжээ авч ажиллах.
- Дээрх судалгаа, хяналт, шалгалтын арга хэмжээг төрийн болон орон нутгын засаг захиргааны зохих байгууллагууд болон төрөл мэргэжлийн шинжээч, төрийн бус байгууллага, орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан явуулж, бодит байдлын талаар үнэн зөв, дүгнэлт гаргаж цаашид авах арга хэмжээг тодорхойлох, хэлэлцүүлэг зохион байгуулах, энэ хүртэл “Саусгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах.
- Цаашид Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж Тост, Тосон Бумбын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг, эсхүл хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай шийдвэр гаргуулах, “Саусгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалтын, тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас хүн, мал, амьтан байгаль экологид учруулсан хохирол, хор уршгыгтогтоон, үнэлгээ хийлгэж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авч ажиллахыг энэхүү шаардлагаар дамжуулан хүргэж байна.