Энэ сарын 9-ны өдөр Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын ажлын хэсгийнхний хамт гэр хорооллын газрыг дахин төлөвлөлт барилгажуулах ажлын явцтай танилцаж, төслийн барилга, угсралтын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа.
Манай сайтын сурвалжлах багийн эхний очсон газар бол Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд байрлах “Баганат өргөө” ХХК –ийн барилгын талбай. Биднийг очиход тус компанийн гуравдугаар ээлжийн 288 айлын орон сууцны барилгын ажил ид өрнөж байсан юм. “Баганат өргөө” ХХК нь өнгөрсөн онд 358 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, газраа чөлөөлсөн 200 гаруй айлыг орон сууцандаа оруулсан бөгөөд энэ онд 288, ирэх онд 70 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
“Баганат өргөө” ХХК-ийн ирэх 9-р сард ашиглалтад орох 288 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 60 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд тус компани 300 гаруй ажилчдыг ажлын байраар хангажээ.
Өнөөдрийн байдлаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдээс “Баганат өргөө”, “Гангар Инвест”, “Цагаан Хуаран”, “ Зургаан талт”, “Бэрэн групп”, “Пример инвестмент”, “Бармон”, “Грийн ресурс констракшн” “Хера пропертийз”зэрэг компаниуд амжилттай хэрэгжүүлэн газраа чөлөөлсөн иргэдийг орон сууцанд нь оруулж, дараа дараагийн ээлжийн орон сууцнуудын ажлаа үргэлжлүүлсээр байна.
Г.Нараа