Ч.Улаан: Нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр /2019.05.22/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр“Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүнсний дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах асуудлыг хэлэлцлээ. Ялангуяа махны үнийг тогтвортой байлгах асуудал анхаарал татаж байгаа. Махны үнийн өсөлт огцом бий болсонтой холбогдуулан, хяналт шалгалтуудыг хийсэн.
Тавдугаар сарын 15-наас нөөцийн махны худалдааг эхлүүлсэн. Зах зээлийн үнээс 40 орчим хувиар хямд үнээр Нийслэлд 127 чиглэлд борлуулж байна.

Махны үнийн өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүд Нийслэлийн мах борлуулдаг цэгээс түүхий эдээ татдаг. Үүнээс үүдэж, үнийн өсөлт явагдсан. Тиймээс энэ байдлыг таслан зогсоохоор боллоо.

Дулааны аргаар мах боловсруулж, экспортод гаргах БНХАУ-тай хийсэн протоколд итгэмжлэгдсэн лабораторид шинжлэгдсэн түүхий эдийг хэрэглэх гэрээний үүрэгтэй.Гэтэл зах зээл дээрээс шууд түүхий эдээ бэлдэж байна.

Эсвэл зах зээл рүү орох замд нь тосч түүхий эд бэлтгэж байгаа нь буруу юм. Энэ нь эрүүл ахуйн шаардлагыг ч хангахгүй байгаа юм. Тиймээс Засгийн газраас дулааны аргаар боловсруулж, экспортод гаргах махны хэмжээнд квот тогтооно.

Ингэхдээ тухайн жилийнхээ малын өсөлт, махны нөөцлөлтөөс үүдэж, жил бүр квотыг тогтоож байхаар холбогдох журамд өөрчлөлт оруулна. Мөн хонь, ямааны маханд квот тогтооно. Энэ чиглэлд Мэргэжлийн хяналтын байгууллага тэргүүтэй холбогдох байгууллагууд хяналтаа сайжруулж ажиллах шаардлагатай байгаа. Мөн дотоодын зах зээл дээрх махны үнийн өсөлтийг хэвийн барих зорилгын хүрээнд нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо. Ирэх онд 15 мянгаас доошгүй тонн мах нөөцлөх зорилт тавьж байна. Өнгөрсөн жил дөрвөн мянган тонн мах бэлдсэн нь харьцангуй бага тоо юм.”гэв.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …