Н.Төгсцогт: Боксчин болох мөрөөдөл таван настайгаас эхэлсэн 

Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин Н.Төгсцогт ирэх наймдугаар сард болох мэргэжлийн боксын WBC тулааныхаа талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.


Тэрбээр “Би дараагийн тулаанаа энэ наймдугаар сарын 03-нд хийнэ. Тиймээс тулаанаас өмнө амрахаар эх орондоо ирээд байна. WBC-ийн бүсийн төлөөх тулааныг Гарри Расселтай хийнэ. Хэрвээ Гарри Рассел миний тулааны саналыг хүлээн аваагүй тохиолдолд бүсийг хураана. Тиймээс бүсээ хамгаалж надтай тулалдахаас өөр аргагүй. Гарри Расселийг жаахан судалсан.
Миний зорилго бол мэргэжлийн боксын бүх бүсийг авах. Одоогоор “Верон” брэндтэй нэг жилийн хугацаатай гэрээ байгуулаад байгаа. Мэргэжлийн тамирчин хүнд том жижиг, хүнд хөнгөн тулаан гэж байдаггүй. Бүгд бие махбод эрүүл мэндээрээ дэнчин тавьж хийдэг тулаан шүү дээ.

Надад гэхдээ ямар ч айдас дарамт байхгүй. Надад битгий эргэлзээсэй гэж хүсч байна. Манай Улсын иргэд мэргэжлийн боксын талаарх мэдээлэл нэлээн хомс байгаа. Тиймээс дэлгэрэнгүй, үнэн бодитой мэдээлэл өгөхийг хүссэн. Хоёрдугаарт миний царай төрхийг харж, дуу хоолойг сонсохыг хүссэн хүмүүстэй уулзахыг хүссэн. Миний гэрээ дараа жил дуусна. Тэгэхээр гэрээгээ 3-5 жил сунгана. Тэр хугацаанд бүх бүсийг авах зорилготой байгаа.
АНУ-д бэлтгэл хийх, Монголд бэлтгэл хийх маш их ялгаатай. Би дэлхийн тамирчдыг бэлтгэж байгаа тэр аргад суралцъя гэж очсон.

Одоо дөнгөж 60-70 хувьтай л суралцаж байна. Боксчин болох мөрөөдөл таван настайгаас эхэлсэн. Мэргэжлийн боксын тулааныг эх орондоо зохиохыг хүсдэг. Хэрвээ бүсээ авч түүнийгээ хамгаалчихвал нэг сайхан өдөр эх орондоо мэргэжлийн боксын тулаан хийж болох байх шүү.
АНУ-д очоод эхний хоёр жил бэлтгэл хүнд байсан. Одоо тэр бэрхшээлийг давчихсан учраас аливаа асуудал бэрхшээл гарахгүй байгаа” хэмээн ярилаа.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …