Монгол Ардын Намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.06.20/ мэдээлэл хийлээ. Хуралд МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай, НАМЭХ-ны Ажлын албаны дарга А.Янжмаа, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Тамир, НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Балдорж нар оролцлоо.
Мэдээллийн эхэнд МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл “Сүүлийн хоёр сар АН-аас улс төрийн ёс зүйгүй, увайгүй үйлдлүүдийг нэлээд гаргаж байна. 1990 онд хонхны дуунаар Монгол хүний эрх чөлөө, ардчиллын төлөө зүтгэж ирсэн АН өнөөдөр цөөн хэдэн хулгайчид, авлигачдыг хамгаалдаг, хэдэн хүний эрх ашигт үйлчилдэг нам болж хувирсанд харамсч байна.
2012-2016 онуудад Монголын төрийг АН удирдсан. 17 хувийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засгийг 2016 онд манай намд хүлээлгэн өгөхдөө хасах түвшинд хүргэж улс орны эдийн засгийг дампууруулж, төрийг самууруулж хүлээлгэн өгсөн. Ийм дампуурсан төр, хасахтай эдийн засгийг МАН өнөөдөр эдийн засгийн өсөлтийг зургаан хувьд хүргэж төр дэх ялзрал, дампуурлыг засаж залруулж ажиллаж байна.
Нам дамжсан эдийн засгийн бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Худалдаа хөгжлийн банкны захирал Д.Эрдэнэбилэгийг хорьсон. Энэ банкнаас хамааралтай улс төрийн нам, улс төрчид амиа тавьж жагсаал цуглаан хийж, харагдсан болгон руугаа дайрч байна. Намаасаа сайд, дэд сайдын суудал, УИХ, орон нутгийн сонгуулийн тойрог горьдсон нөхдүүдийг ил гаргаж жагсаал цуглаан хийлгэж байна. Жагсаалыг Эрүүл мэндийн яам руу чиглэн хийж байгаа Ж.Амарсанаа гэх нөхөр өмнө нь Эрүүл мэндийн дэд сайдаар хоёр ч удаа ажиллаж байсан боловч хувьдаа эмнэлэгтэй энэ нөхөр хэдэн зуун сая төгрөгийн тендер авч төрийн ажлыг хийгээгүй гэдгийг салбарын сайд нь тод хэлж байсан. Ийм л хүн өнөөдөр эрүүл, шударга хүн болох гэж ярьж, салбаганаж явна. Энэ байдлаа одоо зогсоох ёстой” гэв.
Мөн тэрээр Гадаад харилцааны яам руу маш их дайрч байна. Сүүлийн үед авсан мэдээллээр тус яамнаас хэд хэдэн дипломатуудыг эргүүлэн татаж байгаа юм байна. Тэр бол Ц.Элбэгдоржийн томилсон түүний гар хөл болсон дипломатуудын сүлжээ юм. Уг сүлжээ нурж унаж байгаа учраас Ц.Элбэгдоржийн зөвлөх байсан АН-ын генсекээр ажиллаж байсан хүн ил далд даргынхаа төлөө амь тэмцэн сүлжээгээ хамгаалж байна. Үүнийгээ зогсоох ёстой.
Хууль Зүй Дотоод Хэргийн яам руу Ц.Нямдорж сайдыг огцруулах нэрээр мөн дайрч байна. МАН сөрөг хүчин байхаас эхлээд Худалдаа хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрийг хувьчилж авсан асуудлуудыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байнга ярьсаар ирсэн. С.Зоригийн хэрэгт гэм зэмгүй хүмүүсийг гэрээс нь аваачиж гэмт хэрэгтэн болгоод хэдэн сараар тамлаад хэд хэдэн удаагийн шүүхээр хэрэгт холбогдуулж чаддаг юмаа гэдгийг нотолж, гэмгүй иргэдийг тогтоох гэсний төлөө, хууль зүйн яам руу шургалсан шударга бус сүлжээг таслах гэсэн Ц.Нямдорж руу дайрч байна.
Нийслэлээс саяхан Улаанбаатар хотын банкны мэдэлд байдаг хэд хэдэн газрын эрхийг цуцалсан. Улсын нийслэлийнх нь төв талбайг хувьчлаад авчихсан. Монголын оюутны нэр дээр байдаг талбайг нь хувьчилчихсан. Үүнийг нь цуцлаад ирэхээр үхэн хатан тэмцэж байна. Цаашдаа хувьчилж авсан хууль бус газруудын эрхийг цуцлах асуудал дээр МАН анхаарал тавьж ажиллана.
Тухайлбал намын дарга гэдэг нэртэй, намдаа дэмжлэггүй болчихсон С.Эрдэнийн нэр дээр хэд хэдэн газар байна. Хандгайтын ам, Найрамдал зуслангийн газар, Хүүхдийн паркаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд байшин барина гэж газар аваад хувьдаа “Шонхор” гэдэг байшин барьж охиндоо өгсөн асуудлыг шалгуулахын төлөө бид анхаарал хандуулж ажиллана. Цаашлаад 2012-2016 онд АН засаг барьж байхад Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нөхөр, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээ, АН-ын Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын сайд байхдаа Багануурын уурхай, Үйлдвэр худалдааны яамыг будлиулсан асуудлуудыг шалгуулна” гэв.
Эцэст нь тэд Монгол хүний эрх чөлөө, ардчиллын төлөө зүтгэдэг АН-ын шударга гишүүдэд хандан дээрээ суусан хэдхэн хулгайч нөхдүүдийн эрх ашгийн төлөө жагсаал цуглаан хийж, үймээн самуун үүсгэж байгаа асуудлаа зогсоохыг АН-ын удирдлагуудаасаа шаардахыг уриалсан юм. Учир нь хэдхэн хүнийг дарга, сайд болгохын төлөө, тойрог авч өгөхийн төлөө АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тушаал гаргаад ажлын хэсэг байгуулж, Хэрэг Эрхлэх газрын дарга нь манлайлаад жагсаал цуглаан хийж байгаа гэдэг нь ил болсон бөгөөд АН-ынхан нэг жагсаалыг 40 сая төгрөгөөр хийж байгаа гэх мэдээллийг өгөв.
МАН-ын зүгээс 2016 онд уналтад орсон эдийн засагтай улс орныг хүлээн авч эдийн засгийг сэргээж ажилласан, цаашид бүтээн байгуулалтуудыг өргөн цар хүрээнд хийж ажиллахад нь Засгийн газрыг дэмжиж ажиллана. МАН өөрийн байгуулсан Засгийн газраа хамгаалж дэмжих бөгөөд намын дэргэдэх төрийн бус байгууллагуудтай нийлж улс төрийн хөдөлгөөнийг зохион байгуулж ажиллана гэдгээ мэдэгдэж байна.