Д.Сумъяабазар: Наадмын өмнө шатахууны үнэ 120 төгрөгөөр буурна

УУХҮЯ-наас өнөөдөр “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал хийлээ. Хуралдаанд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар газрын тос болон шатахууны жижиглэнгийн үнийн талаарх мэдээлэл хийлээ. Энэ оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт 1.2 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс алт 15.8 тэрбум төгрөг, нүүрс  523.3 тэрбум төгрөг, цайр  41.4тэрбум төгрөг, зэс 531 тэрбум төгрөг, төмөр 9.8 тэрбум төгрөг, жонш 13.5 тэрбум төгрөг, бусад 35.1 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлжээ.

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 318.2 тэрбум төгрөг буюу 37.4 хувиар өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний V сард 8.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (20.1%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 953.6 (19.8%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 514.5 (29.8%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 449.8 (17.2%) тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 6.1 (73.3%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 5.2 (62.1%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний V сарын гүйцэтгэлээр 5.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 514.5 (10.2%) сая ам.доллараар өсчээ. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 948.3 сая ам.доллараар эерэг гарсан байна.

Оюутолгойн гэрээний асуудал дээр бид ярилцах ёстой

Мэдээллийн дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

 Шатахууны үнийг буулгана гэж байна. Шатахууны үнийн бууралтанд яаж хянаж байна вэ?

-2019 оны тавдугаар сарын сүүлийн долоо хоногт ОХУ-аас нийлүүлэгдсэн нефть тонн тутамдаа 25 ам.доллараар бууж орж ирсэн. Ам.долларын ханш харьцангуй тогтвортой байна. Шатахуун, дизелийн түлш 50-60 төгрөгөөр буурсан байгаа. Зургадугаар сард нефтийн үнэ 40-50 ам.доллараар буурч орж ирэх магадлалтай. Наадмын өмнө шатахууны үнэ 120 орчим төгрөгөөр буурна гэсэн үг.

Яамнаас долоо хоног тутамд мэдээ, тайлан гаргадаг. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд манай агентлаг импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүний чанар болон үнэд хяналт тавина гэж тусгасан байдаг. Энэ дагуу манай харьяа хэлтсүүд шатахууны үнэ буулгах чиглэл авсныхаа дагуу шатахуун түгээх станцуудад очиж ажиллан хэдэн төгрөгийн бууралттай байна вэ гэдгийг хянаж ажилладаг.

-Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувьд  IPO гаргах бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ. Энэ жилдээ гаргаж амжих уу?

-IPO гаргах бэлтгэл ажил сайн хангагдаж байна. Хугацааны тухайд Казакстан улсын жишээ татахад Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаа гаргасан тус улсын томоохон компани IPO гаргахад бэлтгэл ажил нь 2.5 жил үргэлжилж байсан. Бид охин компани байгуулах шаардлагатай байна.

-Оюутолгойн гэрээг цуцлах тухай ярьж байсан. Засгийн газрын түвшинд ярьж байгаа юу?

-Оюутолгойн гэрээний асуудал дээр бид ярилцах ёстой. Тус орд улсын төсөвт жин дарж, 17 мянган хүнийг а:жлын байраар хангаж байна. Энэ төсөлтэй холбоотойгоор хөрөнгө оруулсан олон улсын байгууллагууд бүгд ирж уулзаж байна. Туслан гүйцэтгэгч компаниуд ч гэсэн зовниж байна. Тэгэхээр гэрээг цуцлах тухай байж болохгүй. Ингэж мэдэгдсэнээрээ бид Дубайн гэрээг зөвтгөөгүй. Гэрээтэй холбоотой саналаа Л.Оюун-Эрдэнэ даргад хүргүүлнэ.

-“Оюутолгой” компанид Монголын талыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүдийг солих уу?

-Энэ талаар ярилцаж байна. Саналаа ч хүргүүлсэн. Засгийн газрын түвшинд яригдах асуудал. Зөвхөн салбарын сайдын бодсоноор болчих асуудал биш.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …