“Дэд бүтцийн төв” нь Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалах давуу талтай

“Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т нийцүүлэн нийслэл хотын гэр хорооллыг гурав бүсчилж  хөгжүүлэхээр “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг НИТХ-ийн 2018 оны хоёрдугаар сарын 27-ний өдрийн 14/01 тогтоолоор баталсан билээ.

Энэ хүрээнд  агаарын бохирдол болон хөрсний бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын бүсэд “Сервис центр” буюу  “Дэд бүтцийн төв”-ийг барьж байгуулах 50 байршлыг 2018 онд баталсан.

Энэхүү “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжсэнээр агаар, хөрс, орчны бохирдол бүрэн үгүй болж, иргэд өөрийн өмчлөлийн газартаа амины орон сууц барьж, газрын үнэлгээ 3-4 дахин нэмэгдэн, эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлөөр хангагдах юм.

“Сервис центр” буюу  “Дэд бүтцийн төв” байгуулагдсанаар дан ганц гэр хорооллын айл өрхүүд эрүүл таатай орчинд амьдруулахаас гадна Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалах, бохирдох эрсдэлийг бууруулж, 439.200 шоо метр хөрсийг нөхөн сэргээх зэрэг  давуу талтай томоохон бүтээн байгуулалт билээ.

Өнөөдрийн байдлаар “Дэд бүтцийн төв” төслийн хамгийн эхний загвар төслийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт хэрэгжүүлж байна. Эхний ээлжид 33 айлыг дулаанд холбоод байгаа юм. Түүнчлэн уг “Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдсан 285 айл өрхөөс 28 айл өрх шинээр амины орон сууц барьж, 104 айлын байшин сууцыг дулаалгын аянд хамруулжээ.

Цаашид 2020 он хүртэл нийт 100 байршилд уг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа  аж. Үргэлжлүүлээд нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт  хоёр “Дэд бүтцийн төв”-ийг барих бөгөөд нийт 20 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

“Дэд бүтцийн төв”-ийн хувьд өөрийн гэсэн цэвэрлэх байгууламжтай. Цэвэрлэх байгууламж нь хоногт 520 куб метр ус боловсруулж, 1000 хүртэлх айлын бохирыг цэвэршүүлэх хүчин чадалтай юм байна.

Г.Нараа 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …