Монгол Улсын Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар яригдаж буй зарим асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.Тэрбээр “ЖАСТ группийн Ш.Батхүүгийн эд хөрөнгийг битүүмжилсэн талаар би өмнө нь хэлж байсан. Өнөөдөр тэдгээрийн жагсаалтыг ил болгох гэж байна. АТГ-т ЗГХЭГ хүсэлт гаргаж, мэдээллийг авсан.
Одоогийн байдлаар Жаст группийн захирал Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий хүмүүстэй нь холбоотой 180 орчим объект байна. Нийтдээ 98 тэрбум төгрөгийн хөрөнгө байна гэж үзэж болохоор. Харамсалтай нь шатахуун түгээх станцууд нь одоо болтол ажиллаж байгаа ч өөрөө ямар ч мөнгө байхгүй гэж мэдүүлсээр байгаа.
Энэ байдлаар төрийн мөнгийг үнэгүйдүүлж байна. Ш.Батхүү бол Монгол Улсыг 160 орчим сая ам.долларын төлбөрт унагасан хүн. Уг хохирлыг төлүүлэх Ажлын хэсгийг байгуулсан. Төрийн өмчийн хороог хохирогчоор оруулна. Дахин хуулийн байгууллагад хандана. Энэ хэргийг заавал шийдэх ёстой.
Мөн Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй олон хүн байна. Бүгд л шүүхэд л өгчих гэдэг. Түүнчлэн ХХААХҮЯ дээр байгаа зээлүүдийг судалж байна. Эндээс зээл авсан нэг ч хүн төлөөгүй. Энэ байдлаар явсаар байтал Олон улсын банк, санхүүгийн байгууллага үүнийг мөнгө угаалтын систем гэж хараад эхэлсэн.
Монгол Улсын шүүхээр мөнгө угаалттай холбоотой нэг ч хэрэг шийдээгүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль 2015 оны наймдугаар сарын 7-ны өдөр гарсан. 8,794 иргэн, 25 мянган ААН, харьяалалгүй 448 иргэн нийт 33.3 их наяд төгрөгийг ил тодоор мэдүүлсэн.
Энэ бол гадны улсад түгээмэл хийгддэг жишиг. Гэвч үүнийгээ бид тайлбарлаж чадахгүйгээр, хүнд байдалтай нүүр тулж байна” гэв.