Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ. Хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдаж эхлээд байгаа билээ. Энэ асуудлаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос өнөөдөр /2019.08.12/ албан ёсоор мэдээлэл хийлээ.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн “Энэ жилийн баяр наадмаар тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Допингийн үндэсний төвөөс шинжилгээг Солонгос улс руу явуулдаг. Шинжилгээний хариуг Үндэсний бөхийн салбар хороонд наймдугаар сарын 7-нд ирүүлсэн. 16 бөх хамрагдсанаас хоёр бөхөд допингийн төрлийн бодис илэрсэн. Нэгээс нь дөрвөн төрөл, нөгөөгөөс нь нэг төрлийн бодис илэрсэн. Зүгээр гарсан бөхчүүдэд утсаар мэдэгдсэн. Харин допинг илэрсэн хоёр бөхөд утсаар мэдэгдэх гэсэн боловч утас нь холбогдоогүй учир мессеж бичсэн.
Хоёр бөхийн нэг нь наймдугаар сарын 9-нд, нөгөө нь 10-нд ирж шинжилгээний хариутай танилцсан. Хуулийн дагуу шинжилгээний хариутай танилцсанаас хойш 10 хоногийн дотор Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ гаргадаг. Одоогоор Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ гаргаагүй байна. Допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлах боломжгүй.
Баяр наадмын Хувийн нууц ба хувийн нууцыг хамгаалах гэсэн хууль байдаг учраас бид нэрийг нь ил зарлах боломжгүй. Нэг бол сэргээшийн хариуг хүлээн зөвшөөрөх гэсэн сонголт байгаа. Хоёр бөх өөрсдөө хүсэлтээ гаргаад сорьцийн шинжилгээ хийлгэх эрх нь нээлттэй байгаа. Шинжилгээгээ өгсөний дараа нэрсийг ил болгох боломжтой. Хамгийн сүүлчийн хугацаа наймдугаар сарын 19-н гэсэн үг. Хэрэв наймдугаар сарын 19-н хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй бол бид тэр бөхчүүдийн нэрсийг зарлах юм.” гэлээ.
Г.Нараа