Ж.Гантулга:Нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын бүртгэл энэ сарын 21-30-ны хооронд явагдана

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийн хуралдаан өчигдөр Хангарди ордонд боллоо.

Тус хуралдаанаар 2019-2020 оны хичээлийн шинэ жилд холбогдох албаныхны бэлтгэл ажлын талаарх танилцуулга болон элсэлт, бүртгэлийн ажлын явц, замын хөдөлгөөний нягтралыг сааруулах чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөгөөг ярилцаж санал солилцлоо юм. 

Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “2019-2020 оны хичээлийн жилд  нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг тавдугаар сарын 13-наас  27-ны өдрүүдэд  бүртгэсэн. Дахин бүртгэл энэ сарын 21-30-ны хооронд явагдана.

Статистик үзүүлэлтээр Баянгол дүүрэг 5577, Баянзүрх дүүрэг 6838, Багануур дүүрэг 465, Багахангай дүүрэг 110, Сүхбаатар дүүрэг 3396, Сонгинохайрхан дүүрэг 5616, Хан-Уул дүүрэг 3883, Чингэлтэй дүүрэгт 2408, Налайх дүүрэгт 676 хүүхэд бүртгүүлжээ.

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим бүртгэлд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 28181 хүүхэд бүртгэгдсэн байна. 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шаардлагатай байгаа 1088 сул ажлын байрны мэдээллийг байгууллагын цахим хуудсаар олон нийтэд мэдээлсэн.

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын байгууллагын барилга байгууламж, сургалтын орчны зохион байгуулалт, эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлсэн эсэх, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангагдсан эсэх, удирдах ажилтан, багшлах болон мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал, сургалтын цөм хөтөлбөр, түүний хэрэгжилт, сургалтын орчин бүрдүүлсэн байдал болон холбогдох дүгнэлтийн дагуу БСШУСЯ, НМХГ-т санал, дүгнэлтийг хүргүүлж,  дүүргүүдийн Боловсролын хэлтэс, ЕБС-иудад цаашид хийх ажлын чиглэл, үүрэг даалгаврыг өгч ажилласан” гэж мэдэгдлээ.


2019-2020 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж болзошгүй 18 сургууль байна. Түүнчлэн энэ хичээлийн жилд 23 сурах бичиг шинээр хэвлэгдэх аж.

Эдгээр сурах бичгүүд есдүгээр сарын 15-нд сурагчдын гар дээр очихоор төлөвлөгдсөн. Дүрэмт хувцасны дундаж үнийн хувьд бага анги 60-70 мянга, дунд анги 90-100 мянга, ахлах ангийн сурагчдынх 120-130 мянган төгрөг байна.

Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний бүтэц батлагдаж бүх сургуулиудад тараагдсан бөгөөд шинэ хөтөлбөр төлөвлөгөөний дагуу 44000 мянган багшид энэ сарын 27-30 –ны хооронд сургалт явуулах аж.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …