БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн харьяатын газраас өнөөдөр /2019.08.26/ БНСУ-руу монгол иргэд зорчиход тавигддаг визийн журамд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.
Шинэ журам есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд өөрчлөлтийн хүрээнд БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж 10 хоногийн дотор шийдвэрлэх зэрэг нааштай өөрчлөлтүүд гарч байна.
БНСУ-ын виз мэдүүлэх журамд орсон томоохон өөрчлөлтөөс дурдахад, виз мэдүүлэгч нь 5 сая төгрөг байршуулах шаардлагагүй болсон байна. Харин үүний оронд сүүлийн зургаан сарын хугацааны санхүүгийн зардлын баримтыг хавсаргах юм байна.
Мөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр болон оршин суугаа монгол иргэдтэй хамаатнууд нь уулзах зорилгоор аяллын виз мэдүүлэхдээ 5 сая төгрөг байршуулах шаардлагагүй болжээ. Үүний оронд БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэд сүүлийн 6 сарын хугацаанд өөрийн гэр бүлд шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын баримтыг хавсаргах юм байна.
Харин татгалзсан хариу авсан виз мэдүүлэгчийн дахин мэдүүлэх эрх үүсэх хугацаа гурван сар байсныг татгалзсан хариу авсан өдрөөс хойг зургаан сар байхаар өөрчилжээ.