“Соёлын өвийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх” олон улсын семинар зохион байгуулагдаж байна

Европын холбооны аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран “Соёлын эд зүйлсийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх Азийн бүсийн түнш орнуудын сургалт, семинар”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Тус сургалт, семинарт Итали, Австри, АНУ, Канад зэрэг 9 улсын соёлын эд зүйлсийг хууль бус худалдаалахтай тэмцэх чиглэлээр мэргэшсэн шинжээчид оролцож байгаагаас гадна Япон, Өмнөд Солонгос, Тайландын Вант улсын төлөөлөгчид, Монгол Улсын цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, хил, гаалийн байгууллага, Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Палеонтологи, геологийн хүрээлэнгийн төлөөлөгчид оролцож байна.

Сургалт, семинарын хүрээнд шинжээч төлөөлөгчид соёлын эд зүйлсийг хууль бусаар худалдаалахтай тэмцэх чиглэлээр улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, сайн туршлагын талаар харилцан санал солилцон, зөвлөлдөж байна. Ялангуяа улс орнуудын хууль эрх зүйн тогтолцоо, соёлын эд зүйлсийг хамгаалах байгууллагын бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн чадавхижуулах асуудал зэргийг тодорхой жишээ баримт, тоон дүнд үндэслэн танилцуулж байна.

Манай улсын хувьд соёлын эд зүйлсийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх асуудлыг олон улсын шинжээчид, гадаадын оролцогсод, Монгол Улсын хууль сахиулах байгууллагын төлөөлөгчдийг оролцуулан ийм өргөн хүрээнд хэлэлцэж байгаа нь анхны тохиолдол ажээ. Энэхүү сургалт, семинар нь олон улсын хамтын ажиллагааны механизмыг бий болгож, Азийн бүс нутагт соёлын эд зүйлсийг хил давуулан хууль бусаар худалдаалах гэмт хэргийн гаралтыг бууруулахад чухал түлхэц болно гэж зохион байгуулагчдын зүгээс дүгнэж байна. Сургалт, семинарын үйл ажиллагаа 30-ныг дуустал үргэлжилнэ.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …