Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболд багш аа би бодис хэрэглээгүй, надад итгээрэй гэж хэлсэн

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос авсан допингийн шинжилгээний дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан дөрвөн төрлийн бодис илэрснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өчигдөр /2019.08.26/ мэдээлсэн. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Үндэсний бөхийн салбар хорооны дүгнэлтийг үндэслэн Засгийн газраас, аварга Э.Оюунболдоос допинг илэрсэн гэдгийг өчигдөр  зарласан. Энэ асуудал та ямар байр суурьтай байна вэ?

-Өмнө нь би мэдээлэл өгч байсан. Түүнээс хойш шавьтайгаа утсаар ярьсан. Хөдөө явж байна гэсэн. Өөрөө ч өмнө нь мэдээлэл хийж байсан. Өөрөө өөртөө их итгэлтэй юм билээ. “Багш аа, би тийм төрлийн бодис хэрэглээгүй шүү. Надад итгээрэй. Би энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад гомдол, саналаа өгсөн. Баяр наадмын өмнө чамайг допингтой хутгана гэж олон удаа заналхийлсэн. Намайг баяр наадамд түрүүлсний дараа тэрбум долоон зуун сая төгрөгөөр баяр наадмыг худалдаад авчихлаа гэх мэтээр гүтгэж байсан” гэж хэлсэн. Ийм зүйл байгаад хүнийг хэлмэгдүүлж байгаа бол түүн шиг болохгүй зүйл байхгүй. Тиймээс юун түрүүнд шалгадаг газар нь тогтоож, шалгах байх. Хоёрдугаарт, үнэхээр допинг хэрэглэсэн байх юм бол олон улсад хууль, дүрэмтэй. Манай улсад ч тодорхой хууль журамтай, хариуцлага хүлээдэг. Тэр журмаараа асуудал нь шийдэгдэх байх.

-Тэгэхээр Э.Оюунболд аварга хууль хяналтын байгууллагад хандсан гэсэн үг үү?

 -Миний ойлгож байгаагаар өөрөө гомдол, саналаа гаргасан юм байна. Ер нь допингийн шинжилгээг ямар хэмжээнд авдаг юм бол. Сүүлийн үед төвөгтэй болсон юм шиг. Би Олон улсын тэмцээн, уралдаанд 1980 оноос хойш явсан. Олон улсын тэмцээн, уралдаанд медальт байранд орсон тамирчдаас авдаг. Байнга л шинжилгээ авдаг, хэвийн үйл ажиллагаа шүү дээ. Манай улсад Баяр наадмын тухай хууль батлагдсанаар бөхчүүдээс шинжилгээ авдаг болсон. Би 2006 онд шинжилгээ өгч байсан. Хэвийн л үзэгдэл. Гэтэл сүүлийн үед их өөр болсон юм байна. Допингийн шинжилгээ авч байгаа бичлэгийг би фэйсбүүкээр харсан. Шинжилгээ өгч байгаа хүмүүс нь улавч, таавчигтай яваад байгаа бололтой. Наана нь олон хүн оччихсон бичлэг хийгээд байсан. Ер нь жаахан замбараагүй болсон юм болов уу гэж харагдахаар юм билээ. Энэ бүхнийг цэгц журманд оруулахгүй бол болохгүй байх даа. Ганц монгол бөхчүүдээс аваагүй. Маш олон улсын тамирчдын шинжилгээг авч байгаа.

Баяр наадмыг зохион байгуулах хорооны шийдвэрийг үндэслээд Засгийн газар Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэдгийг зарлалаа. Монголын ард түмэн энэ албан ёсны мэдээлэлд итгэж, аваргад эргэлзэж байх шиг байна?

-Би өмнө нь ч хэлсэн. Одоо ч хэлье. Баяр наадмыг зохион байгуулдаг хууль, зохион байгуулдаг комисстой шүү дээ. Тэгэхээр тэр хууль, журмын дагуу бүх асуудал шийдэгдээд явна.

-Шээс сольсон байх гэдэг асуудлыг аварга өөрөө хэлсэн.  Шээсийг солих боломж байгаа юу?

-Би сайн мэдэхгүй юм. Сүүлийн үед бол шээс солилоо, дүнг нь дарлаа гээд их юм яригдаж байгаа. Шинжилгээг нь өгүүлээгүй тохиолдол хүртэл бий гэж ч яригддаг. Түүнийг чинь хууль хяналтын байгууллага л үзэж, шалгаж тогтоохгүй бол би мэдэхгүй шүү дээ. Миний хувьд тэр шинжилгээ авч байгаа бичлэгийг харахад их л замбараагүй юм харагдана лээ.

-Аварга яагаад Б сорьцоо шинжлүүлэхээс татгалзсан  юм бол. Танд мэдээлэл байна уу?

-Өөрийнх нь хэлсэн мэдэгдэл дээр бол “Би допинг хэрэглээгүй. Намайг ийм зүйлд орооцолдуулж байна. Дарамталсан. ДНК-ийн шинжилгээ өгнө” гэж ярьсан байгаа. Тэгэхээр ДНК-ийн шинжилгээ өгөх гээд Б сорьцоо өгөөгүй юм болов уу гэж ойлгож байна.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …