Нэгэн шинэ хэлц үг гарчээ. Барилдаж байхдаа бөх, барилдахаа болихоор УИХ-ын гишүүн. Сүүлийн хэсгийг нь УИХ-ын гишүүн юмуу гишүүн болохыг “хүсэн мөрөөдөгчид” гээд хэлчихвэл болмоор ч юм шиг. Анзаараад байхнээ улс төр их сонирхолтой болоод байнаа. За сонирхолтой ч гэж дээ бөхчүүд улс төр рүү хошууран дайрах байдлыг ажиглавал тэд улс төрийг “зүлэг ногоон дэвжээ”-гээ гэж андуураад байгаа юмуу гэмээр. Бөх сайдтай, бөх УИХ-ын гишүүнтэй, бөх УИХ-ын даргын зөвлөхтэй, бөх Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй, бөх /бас аварга/ намын гишүүдтэй.
Анх бөхчүүд улс төрд орох явцыг Женко Х.Баттулга эхлүүлсэн гэх. Гэхдээ цагтаа тэр их спорт буюу жүдогоор хичээллэдэг, дэлхийн аварга болж байсан удаатай ч 1990-иэд оны ороо бусгаа байдлаас болж бөхөө орхин ганзагын наймаанаас бизнесээ эхлэж, хожим нь Женко хэмээх том группыг “босгосон” монголын тэргүүн биенесмэнүүдийн нэг болж чаджээ.Тэр энэ үеэс улс төрд бөхчүүд орох үүд хаалгыг нээж өгсөн байдаг. Түүний араас Үндэсний бөхийн их аварга, одоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ аварга итгэл төгс улс төрд хөл тавьсан. Түүнээс хойш олон ч жил өнгөрч аварга маань бөх гэхээсээ илүү улс төрч гэдгээр олонд танигдах болжээ.
За тэгж байтал дахиад л бөх УИХ-д ороод ирлээ. Гэхдээ энэ удаад жүдо ч биш, үндэсний бөх ч биш, харин японы сумогийн барилдаанд монголчуудыг түүчээлсэн нэгэн эрхэм 2009 оны УИХ-ын сонгуулиар, АН-аас СХД -т нэр дэвшээтхэв. Нэг талаас зурагтаар гардаг байсан face- аа ашиглан, нөгөө талаас СХД-ийн иргэдийг япон явуулж ажил хийлгэж, амьдралыг нь дээшлүүлнэ гэж ганцхан “цупаридаад” гишүүний сэнтийд залраатхав. Мань хүн бүрэн эрхийнхээ 4 жилд тойргийнхоо иргэдийг Япон явуулах нь байтугай сонгогдсон дүүрэгтээ цөөн очсон учраас, дахин УИХ-д нэр дэвших “нүүргүй” болж, улмаар тойргоо солин төрөлх Ховд аймагтаа нэр дэвшин өрсөлдсөн ч тусыг эс олов.
Бөхчүүдийн балаг ингээд дууссангүй, СХД-ийг бөхчүүдийг дэмждэг дүүрэг гэж ойлгосон уу яасан бүү мэд, өнгөрсөн сонгуулиар үндэсний бөхийн аварга цолтон МАН-аас тэнд нэр дэвшин өрсөлдөөд хайнцаж, маргаж маргаж саяхан “дахин барилдаж”, өрсөлдөгөө “хага тонгороод” УИХ-д ороод суугаатхав.
УИХ-ын дахин сонгуульд МАН-аас СХД-т нэр дэвшсэн Д.Сумъяабазарыг ялахад, түүний дүү японы сумогийн Их аварга Асашёрюү Д.Дагвадорж, ахыгаа дэмжин ихээхэн идэвхтэй оролцсон нь тодорхой. Нэгэнт ах нь МАН-аас УИХ-ын гишүүн болсны дараа дүү нь сүр дуулиантайгаар ахыг нь дэвшүүлж УИХ-ын гишүүн болгосон МАН-ын сөрөг хүчин болох АН-д элсээтхэв. Тэр хэлэхдээ ардчилалыг дэмжиж байсан гэв. Ахыгаа дэмжиж явахдаа ардчилалыг бас давхар дэмжээд явсан хэрэг үү. Би ойлгосонгүй юу, надад ойлгогдсонгүй юу бүү мэд.
Эсвэл ах дүү бөхчүүд өөр хоорондоо ярилцаад, чи энэ намд, би энэ намд, дараагийн сонгуульд аль нэг нь ялбал…, энэ тэр гэсэн яриа тохироо хийсэн юм бол уу, бүү мэд. Ямартай ч нэг ийм л юм болсын.
Тэгж байтал үндэсний бөхийн бас нэг аварга өчигдөр АН-д элсээтхэв. Яриаг нь сонссоод байхнээ, тэрээр улсын нийслэл Улаанбаатар хотыг Богд хан уулын өмнө шилжүүлэн нүүлгэх их бодол тээж улстөрд орж ирж байгаагийн зэрэгцээ аливааг хийж бүтээх их сэтгэлтэй хүн гэдгээ ч хэлж байна билээ. Уг нь улс төрийн сэтгэлээр биш ухаанаар явуулдаг л байлтай. А.Сүхбат аварга: “…дэмжиж ирсэн ардчилалаа өнөөдөр баталгаажууллаа ” гэж хэлжээ. Ямар учир, тохироо бүрдээд өнөөдөр “ардчилал”-аа өнөөдөр баталгаажуулах болов, магадгүй ийм тохироо бүрдээгүй бол хэзээ ч баталгаажуулахгүй байсан юм биш биз гэсэн бодол төрж байна.
Ажиглаад байхнээ АН-д элссэн үндэсний бөх болон сумогийн аваргуудыг жүдогийн аварга, улс төрийн арвин туршлагатай Х.Баттулга ах дагуулж очиж элсүүлээд байх шиг.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн PR-чид сайн ажиллаад ч байгаа юм шиг. Тэд баяр наадам ойртсон энэ цаг үед монголчуудын хайрлаж хүндэтгэдэг бөхчүүдийг намдаа элсүүлж, Ерөнхийлөгчийн дэмжих уриалгыг хэлүүлж байна. Гэхдээ эдгээр бөхчүүд үзэл бодолдоо үнэхээр итгэл үнэмшилтэй байж чадах уу гэдэг нь эргэлзээтэй.
Магадгүй өнөөдөр засгийн эрхэнд АН биш МАН, эсвэл өөр аль нэг н нам байсан бол эдгээр бөхчүүд ямар нэгэн тайлбар олоод л тэдэнд элсэх л байсан байхдаа гэж бодохлоор…
Бөхчүүд, бүсгүй хүн хоёр богино ухаантай гэдэг үнэн юм болов уу?
Одоо удахгүй АН-д Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, Хакухо М.Даваажаргал нар элсвэл гайхаад байх хэрэг биш бололтой. Учир нь АН бөхчүүдийн “даллага”сайн авхуулсан байж таарлаа.
А.Тамир
ugluu.mn