Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид ажлаа өглөө

Монголын жүдо бөхийн тамирчид Японы Осака хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн ДАШТ-д наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 01-нийг хүртэл оролцсон билээ.  ДАШТ-нээс Монгол Улсын тамирчдаас МУГТ М.Уранцэцэг л хүрэл медаль хүртсэн. Харин бусад тамирчид тааруу амжилт гаргасан учраас Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны удирдлага болон шигшээ багийн дасгалжуулагчид хариуцлага хүлээж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсныг тус холбооноос мэдэгджээ.

Тодруулбал, Монголын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин О.Балжинням болон шигшээ багийн нийт багш, дасгалжуулагчид өчигдөр /2019.09.11/ үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд байна. Монголын жүдо бөхийн шигшээ багийн тайлангийн хурал  энэ сарын 10-ны өдөр болж, энэ үеэр дээрх шийдвэрийг гаргасан байна.

Монголын жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ардын багш, Хөдөлмөрийн баатар О.Балжинням, туслах дасгалжуулагчаар ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од , ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа, япон дасгалжуулагч Торий Томоо нар ажилладаг.

“Бид хангалттай сайн ажиллаж чадаагүй дээ харамсаж байна”

МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат2019 оны ДАШТ-ий тайлан хурал өчигдөр холбоон дээр болсон. Хурлын үеэр МЖБХ-ны удирдлагын зүгээс ДАШТ-ий хүрээнд холбогдох ажлуудыг хангалттай хийж чадаагүй. Тухайлбал, тамирчдаа бэлтгэл сургуулилтад хангалттай хамруулж чадаагүй, уураг витаминжуулалтаар хангалттай хангаж чадаагүй, бэлтгэл тактикийн барилдаанууд дээр алдаа дутагдалтай, чамлахаар байсан. Мөн  клубын багш дасгалжуулагчид бусад тамирчдыг энэ хүрээнд сайн хамруулж чадаагүй, бэлтгэл хангагчдыг хангалттай зохион байгуулж чадаагүй гэсэн үндэслэлүүдээр МЖБХ-ны удирдлага миний бие өөрийн хүсэлтээр огцрох шийдвэрийг гаргалаа.

Энэ хугацаанд биднийг дэмжиж ажиллаж байгаа олон хүнээс гадна Монголын ард түмнээсээ уучлалт гуйж, “Бид хангалттай сайн ажиллаж чадаагүй дээ харамсаж байна” гэдгээ дахин хэлье. Мөн дараа дараагийн хүмүүстээ амжилт хүсэж байна” гэлээ.

Бүх дасгалжуулагч нар дүгнэлт хийгээд дараагийн хүмүүс нь шигшээ багаа авч олимпд орог гэсэн үүднээс бүгд ажлаа өгч байна

Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.БалжиннямМиний хувьд Монголын Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар 2011 онд томилогдсон. Найман жилийн хугацаанд энэ багаа ахалж   ажилласан байна. Энэ хугацаанд бидний гаргасан амжилт ч өндөр. Дэлхийн аварга гурав, ДАШТ-ий мөнгөн медаль гурав,  хүрэл медалийг 10 гаруй тамирчин авсан байна. Олимпоос 2 мөнгө, 1 хүрэл,  Азийн наадмаас 3 алтан медаль авсан. Гэвч 2019 оны Токиогийн ДАШТ-д, олимпийн урд жил болж байгаа тэмцээнд бид нарын ажлын алдаа дутагдлаас болж нэг хүрэл медаль, нэг тав, нэг долдугаар байр гэсэн амжилт үзүүллээ. Иймээс манай шигшээ багийн бүх дасгалжуулагч нар дүгнэлт хийгээд дараагийн хүмүүс нь шигшээ багаа авч  олимпд орог гэсэн үүднээс бүгд ажлаа өгч байна.

Энэ хугацаанд бид нарыг дэмжиж ажилласан МЖБХ болон Монголынхоо нийт ард түмэн, биеийн тамирын байгууллагуудад баярласнаа илэрхийлж байна. Бид цаашдаа ч гэсэн жүдо бөхөө хөгжүүлэх үйл хэрэгт оролцоод цаашид улам их амжилт гаргуулахын төлөө ажиллах болно” гэв.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ш.ЦэвэлмааАжлын хариуцлага гэдэг маш чухал байдаг. Энэ ч утгаараа бид өнөөдөр хариуцлагаа хүлээж, ард түмнээсээ уучлалт гуйгаад бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа  хүлээлгэн өгч байна. Дараа дараагийнхаа хүмүүст амжилт хүсч байна” гэлээ.

Эдгээр дасгалжуулагчдын хүчин чармайлтаар Монгол Улсын тамирчид 2017 оны ДАШТ-нд зургаан медаль авч, дээд амжилтыг тогтоож , мөн сүүлийн зургаан ДАШТ дараалан медаль хүртэж байсан.

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …