“Тавантолгой түлш” компанийн ажилтнууд өнөөдөр /2019.9.13/ мэдээлэл хийлээ. Тус үйлдвэрлэлийн албаны инженер З.Цэрэндорж “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл их гараад байна. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээгүй мөртлөө, хэрэглэж үзсэн мэтээр зохион байгуулалтайгаар энэ бүтээгдэхүүний талаар худлаа мэдээлэл тарааж байгаад зүгээр суухгүй. Манай бүтээгдэхүүн бүх зууханд туршигдаад батлагдсан түлш. Сайжруулсан түлш илчгүй, тортог ихтэй, үнс их гардаг гэдэг мэдээлэл нь ташаа юм. Бүтэн жил ажилласан 500 гаруй залуусын ажлыг харлуулж байна. Олон нийтээр яваад байгаа асуудалд манайхан эгдүүцээд байна. Бид ажлаа фэйсбүүк хөгжүүлдэг увайгүй хүмүүсээр доромжлуулмааргүй байна.
Та нар өөрсдөө очоод туршилт хийж байгааг нь хар. Нотолгоо баримтыг нь харцгаа. Саяхан зуслан дээр түлшсэн гэх этгээдээс та түлсэн үү гэхээр түлж үзээгүй гэсэн хариулт хэлсэн. Тэгсэн хэрнээ фэйсбүүк хөгжүүлэгчтэй нийлж, компанийн хийсэн ажлыг харлуулж байгаа учир нэр бүхий хэдэн хүмүүсийг шалгадаг газар нь шалгуулж, хариуцлага тооцуулна. Сайжруулсан нүүрс юм чинь тодорхой хэмжээнд үнс гарна. Түүнээс их гарахгүй гэж хэлээгүй. Туршилтаар бол түүхий нүүрсээс хоёр дахин их илчлэгтэй гэж явж байгаа. Манай нүүрс технологийн хувьд хурдан асч цогшиж байна. Тиймээс утаа гарахгүй.
Гэр хорооллын айл өрхөд санамсаргүй байдлаар нэг айлыг сонгож, сар амьдарсан. Ингэхдээ Өлзий болоод энгийн зуухтай айлд туршилт хийхэд шаталт сайн байсан. Хамгийн гол иргэд өөрсдөө гэрийн дулаалгаа сайн хангах ёстой. Бүхэл бүтэн баг ажиллаж байна. Хэрвээ иргэн та галлаж чадахгүй байгаа бол бидэнд ханд, манайхтай холбогд, бид очоод заагаад зааварчлаад өгье. Аль болох хоёр талаа дэмжиж ажилламаар байна.
Картын хувьд гэвэл, гадуур ченжүүд бөөнөөр нөөцөлж аваад бусдад дамлаад зарах вий гэсэн үүднээс тодорхой гаргасан юм. Одоогоор 200 мянган тонн нүүрс нөөцөлж, 400 гаруй цэг ажиллуулж байна. Сургаар биш судалгаанд тулгуурлаж үнэн бодитой мэдээллийг нийгэмд тараамаар байна” гэлээ.
“Тавантолгой түлш” компани одоогоор 200 орчим мянган тонн нүүрс нөөцөлсөн бөгөөд 400 гаруй борлуулах цэг ажиллуулахаар худалдагчидтэй гэрээ байгуулан нийслэлтэй хамтран ажиллаж байгаа юм байна.