АНУ-д хураагдаад байсан Монгол Улсын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд гарын үсэг зурах ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцов.
Гэрээнд монголын талаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, АНУ-ын талаас Дотоодын Аюулгүй байдлын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Роберт Бартоло нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний дагуу хууль бусаар хил дамнан гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг өмчлөх эрх манай улсад шилжиж байгаа юм.
Мөн өдөр сайд Д.Цогтбаатар Вашингтон хотноо Монгол Улсын Соёлын элч “The Hu” хамтлагтай тоглолтынх нь өмнө уулзаж орчин үеийн урлагийг монгол соёл, уламжлалын онцлогтой хоршуулан олон улсад эх орноо сурталчилж байгаад нь баяр хүргээд АНУ-д хийж буй аялан тоглолтод амжилт хүслээ. Түүнчлэн Вашингтон хотноо суралцаж буй монгол оюутан залуустай уулзалт хийв.