Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшинээс тодрууллаа.
–Шахмал түлш хэрэглэсэн зургаан иргэн угаартаж амиа алдлаа. Үүнд Засгийн газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Тоо, баримт зөрөөд байна. Зарим нь 16 хүн нас барсан гэж мэдээлсэн. Одоогийн байдлаар зургаан хүн нас барсан. Өнгөрсөн шөнө 62 настай хүн бурхан болчихлоо. Тоо, баримт өгч байгаа хүмүүс үнэн, бодит мэдээлэл өгч, нэгдсэн мэдээлэлтэй болмоор байна. Тэгэхгүй бол олон түмэнд хүнд тусна. Өнөөдрийн байдлаар гурван лаборатори шинжилгээний дүн гарсан. Шахмал түлшинд ямар ч асуудал байхгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ бид нар үүнийг баталгаажуулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс Өмнөд Солонгос, БНХАУ , Орос улс руу дээжийг нь шинжилгээнд явуулсан. Тэр шинжилгээний хариуг хүлээж байна. Ер нь, шахмал түлшинд асуудал байгаа эсэхийг мухарлах хэрэгтэй. Хоёрдугаарт, түлштэй холбоогүй байвал шалтгааныг нь тодорхой болгох шаардлагатай. Хүн нас бараад байна шүү дээ, тэгэхээр асуудал байна. Энэ асуудалд мэргэжилтнүүд янз бүрийн байр суурийг илэрхийлж байна. Тиймээс яг хордож, угаартсан айл, өрхийн түлшнээс дээж авч, шинжилгээнд өгнө. Тэгж байж түлштэй, эсвэл галлагаатай холбоотой эсэхийг нь тодорхой болгох хэрэгтэй. Айл бүрээр нь тогтоох хэрэгтэй гэж үзэж байна. Жишээ нь, тухайн айл ямар зуух хэрэглэж байсан. Энгийн, төслийнх гэдгээс нь эхлээд яндангаа хөөлсөн зэргийг нь тодорхой болгох хэрэгтэй. Өрх бүрт ажиллаж, тодорхой болгох үүргийг өгч ажиллаж байна. Нийт 92 хороонд тараад ажиллаж байна. Өдөр, шөнөгүй ажиллаж байна. Гэхдээ одоо асуудлыг тодорхой болго гэсэн үүргийг өгч байна.
–Шахмал түлшийг үйлдвэрлэж эхлэхэд энгийн зууханд хэрэглэх боломжгүй гэдэг зөвлөмжийг мэргэжилтнүүд хэлж байсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Би Чингэлтэй дүүргийн 12, 13, 14 дүгээр хороонд ажиллаж үзсэн. Тэр шахмал түлж байгаа өрхүүдтэй уулзсан. Тэгэхэд төслийн зууханд ямар ч асуудал алга гэж ярьж байсан. Харин хүндрэлтэй зүйл нь ханан пийшинтэй айлд байна гэдгийг хэлж байсан.
Хэрвээ ханан пийшинд тараахгүй бол зогсоох хэрэгтэй. Нүүрсээ түлэх, эсвэл өөр ямар нэгэн арга хэмжээ авах л хэрэгтэй. Энэ мэт тодорхой ажлыг хийж байна.
-Шинжилгээний хариу хэзээ ирэх юм бэ?
Өнгөрсөн ням, даваа гарагт явуулсан. Аль болох хурдан ирүүлэхийг хөөцөлдөх үүргийг Элчин сайдын яаманд өгсөн.
–Нас барсан иргэдийн ар гэрт Засгийн газраас ямар нэгэн дэмжлэг, туслалцаа үзүүлэх үү?
-Тэгнэ. Шат шатандаа авна. Хамгийн гол нь ахин хүний амь нас эрсдэх вий гэдэгт л санаа зовж байна. Онцгой анхаарч ажиллаж байна.