Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр /2010.10.10/ сэтгүүлчдэд хандан төрд үүсээд байгаа МАНАН бүлэглэлд ямар хүмүүс байдгийг зарлалаа.
Тэрбээр “2016 оны дөрөвдүгээр сарын 4-нд МАНАН бүлэглэлийг би зарлаж байсан. 2016 сонгуулиар хуйвалдааны төрийг зохион байгуулах гэж байна хэмээн мэдэгдэж байсан. МАНАН-гийн цаана Ц.Элбэгдорж байгаа. Ерөнхийлөгчийн албан тушаал дээрээс МАН, АН-ыг холбосон өөрийн үгэнд ордог, “бөлтөгддөг” хүмүүсээр Монголын төрийг самарч эхэлсэн. Хүчний байгууллагуудад өөрийн хүмүүсийг байршуулсан. Хоёр дахь хүн нь М.Энхболд. Энэ хоёр гол толгойлогч нь.
Би ойр хавийн хамаг хүмүүсээ шорон гяндангаар явуулсан хүний хувьд Монголын ард түмний төлөө хэлэхээс аргагүй байна. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр найман жил ажилласан Д.Зоригт хэрэгжүүлэгч нь. С.Зоригийн хэрэгт нууц шүүх хуралдааныг даргалсан. Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав байна. Д.Дорлигжавын дараа Ерөнхий прокуророор мөн өөрийн хүнийг тавьсан. Н.Ганболдыг Ц.Элбэгдорж АТГ-ын даргаар тавьсан. М.Энхболдыг Ерөнхий сайд байхад Тагнуулын ерөнхий газрын дарга байсан. Б.Хурцыг АТГ-ын орлогч даргаар тавьсан. Дараа нь Тагнуулын ерөнхий газрын дарга болгосон. Ингэж хууль хүчний бүх байгууллага МАНАН-д үйлчилсэн.
Э.Бат-Үүл бид хоёр найз. Бид хоёрын найзаас илүү улс орны эрх ашиг чухал. Э.Бат-Үүл МАНАН-гийн гар хөл болсон. 2016 онд сонгуулийн хуулийг битгий өөрчил, МАН-ынхны хийгээд байгаа юм гэхэд өөрчилнө гэсээр байгаад хийсэн. Э.Бат-Үүл Монголын нийгэмд маш их гай тарьсан. С.Эрдэнэ толгойлогч нарынхаа гарын үзүүрээр ажилладаг. МАНАН бүлэглэл маш их мөнгөтэй учраас эдний өмнөөс үг хэлэх хүн байдаггүй.Манай “Нэгдмэл монгол хөдөлгөөн” хандив цуглуулж, МАНАН бүлэглэлийг устгахад зарцуулна. Би цаашид эдний асар их мөнгө хаанаас бий болоод байгааг баримттайгаар дэлгэнэ ”гэж мэдэгдлээ.