Монгол Улсад геологийн салбар үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ой өнөөдөр /2019.10.18/ тохиож байна.
Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Геологи-Минералогийн ухааны доктор Чойжингийн Хурц Шинжлэх ухааны доктор, профессор Ж.Лхамсүрэнгийн нэрэмжит Монголын Геологи, эрдэс баялгийн музейд “Хурц Амьдрал” нэртэй гурван боть номынхоо нээлтийг хийж, мэргэжил нэгт нөхдөдөө номын дээжээсээ өргөн барилаа.
Геологи-Минералогийн ухааны доктор Чойжингийн Хурц нь эрдэс баялгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан Геологи, уул уурхайн үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн зэрэг хариуцлагатай албан тушаалыг нэр төртэй хашиж, шинэ Үндсэн хуулийг батлалцан, эх орныхоо баялгийг зөв хариуцлагатайгаар олборлох, баялгийн шударга хуваарилалт хийлгэхийн төлөөх иргэдийн тэмцлийг олон жил манлайлсан нөр их зүтгэлээ үнэлүүлж 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн билээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ч. Хурцын “Хурц Амьдрал” ном Тэргүүн дэвтэр-“Болзооргогүй нас ”, Хоёрдугаар дэвтэр- “Төр Түмний Үйлсэд”, Гуравдугаар дэвтэр-“Миний төсөөлөл” зэрэг гурван ботиос бүрджээ.
“Хурц Амьдрал” номын эмхтгэн найруулагчаар Д. Долгорсүрэн, Продюсероор А.Машмаа, Зураачаар СГЗ С.Цогтбаяр, редактор СГЗ Ш.Ёолк, Дизайнераар Т. Нарангуа, Хянагчаар Д.Энхнаран, Эх бэлтгэгчээр О.Ганчимэг, Гэрэл зурагчаар Н.Үүрийнсолонго, Дижитал арт М. Мөнхтулга, Менежерээр Н.Мөнхцэцэг нар ажиллажээ.
Ч. Хурц: Би өөрийгөө эрч хүчтэй “Хурц” амьдарсан гэж боддог
“Хурц Амьдрал ” номын зохиогч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ч. Хурц гуайн сэтгэгдлийг нь сонслоо.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ч. Хурц:Ном бичих ажлаа хоёр жилийн өмнө эхлүүлж байлаа. Монголынхоо геологичдын олж илрүүлсэн ашигт малтмал, дараагийн 30 жилд улс орон маань яаж хөгжих ёстой вэ гэдэг төсөөллөө энэхүү номондоо бичсэн.Мөн өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралыг бусдад үлгэр дуурайлал болог гэдэг үүднээс бичсэн байгаа. Ер нь бол өнөө үе, ирээдүй хоёроо гол сэдэв болгон бичлээ. Одоо ингээд номоо эргээд харахад үр хүүхэд, ач, зээ нартаа өв үлдээжээ гэдэг сэтгэгдэл төрж байна.
Монгол Улсын хөгжлийг хөдөлгөгч нь манлайлах үйлдвэр байх юм. Манлайлах үйлдвэрийг 100-гаас дээш жилийн нөөцтэй ордыг түшиглэж барьдаг уламжлалтай. Тийм нөөц нь Монголд байна. Монголын хойч үедээ зориулж бичсэн болохоор үеийн үед хүүхэд залуус маань үзэж, харж бахархаж явах болтугай. Би өөрийгөө эрч хүчтэй “Хурц” амьдарсан гэж боддог.Миний ажилласан арга барил залуу геологичдод үлгэр дуурайлал болно. Тэдний ширээний ном болгох гэж бүхий л үйлдлээ бичсэн.
Д.Долгорсүрэн: Ч. Хурц гуай өөрийнхөө амьдралын талаар бичсэн, олон тэмдэглэлийн дэвтэртэй байсан
“Хурц Амьдрал” номны эмхэтгэн найруулагчаар ажилласан Д. Долгорсүрэн: Ч. Хурц гуай тэмдэглэл сайн хөтөлдөг. Тийм ч учраас өөрийнхөө амьдралын талаар бичсэн, олон тэмдэглэлийн дэвтэртэй байсан. Үүнийг олны хүртээл болгохын тулд Ч. Хурц гуай бид хоёр ном болгох ажилд нэг жилийн өмнөөс шамдан орсон. Ахмад хүмүүсийн туулсан амьдрал, намтар гэдэг бол сонирхолтой. Гэхдээ нийгэмд үлдээх сонирхол бол энэ хүн нийгэмд юу бүтээсэн, ямар үзэл баримталтай байсан зэргийг өгүүлэх үүднээс гурван боть ном бүтээсэн. Хүний амьдралын бүхэл бүтэн нэг үе боловч, Ч.Хурц гуай нийгмийн амьдралдаа хоёр үеийг дамжиж сайдын албыг хашиж байсан хүн учраас энэ үеүдийг номонд шингээж бичихийг илүү зорьж бичсэн.
Ч.Хурцын дунд охин Х.Оюунцэцэг “Аав маань гурван боть ном гаргасан. Эхний номонд нь өөрийнх нь бага нас, монгол ахуйн талаар бичсэн түүх нь багтсан. Хоёрдугаар боть болох “Төр Түмний Үйлсэд” номонд нь хэрхэн геологич болсноос нь эхлээд Монголын геологийн салбарын 80 жилийн түүх багтсан. Гурав дахь ботид хэвлэл мэдээлэлд өгч байсан ярилцлагууд, нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлууд, мөн уул уурхайн салбарт төрөөс ямар бодлого баримталж байх ёстой юм, улс орон маань хэрхэн хөгжиж болох талаарх өөрийнх нь саналууд багтсан байгаа” гэдгийг хэллээ.
Гурван боть номын нээлтийн үеэр мэргэжил нэгт нөхөд нь “Хурц” нэртэй сан байгуулснаа ч зарлав. Энэхүү санд Ч.Хурц гуай өөрийн зүгээс 10 сая төгрөг хандивласан бол түүний үр, хүүхдүүд нь нэг сая төгрөгийн хандив өргөж буйгаа энэ үеэр дуулгасан юм.
Г.Нараа