МҮОНРТ-ээс санаачилж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хавдар судлалын үндэсний төв, Худалдаа хөгжлийн банктай хамтран “XXI зуун-Хавдаргүй Монгол 1000 гэр бүлийн зөвлөгөөн”-ийг энэ сарын 30-нд 08:00-13:00 цагт Төрийн ордны “Их танхим”-д зохион байгуулах гэж байна.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, нийгмийн бодлого, БСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХСҮТ- ийн захирал Ж.Чинбүрэн болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл, хавдрын эмч нар оролцоно.
Мөн хавдар өвчин туссан нэгэн иргэн өөрт тохиолдсон зүйлээ зочдод ярьж, хэрхэн эрүүл болсон тухайгаа сонирхуулах юм. Иймд уг арга хэмжээнд оролцохыг хүссэн иргэдийг ирэх даваа гарагийн дотор МҮОНРТ-ийн Олон нийттэй харилцах 321614, 8818-7448 гэсэн утасны дугаараар холбогдож, бүртгүүлнэ.
Мөн оршин суугаа дүүрэг аймаг, сумынхаа олон нийттэй харилцах албанд бүртгүүлж, оролцох боломжтой аж.