Засгийн Газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.11.06/ боллоо. Тус хуралдаанаар мөрийтэй тоглоом тоглосон Гаалийн Ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, “МИАТ” ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нарыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Дээрх шийдвэрийг Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая танилцууллаа.
Тэрбээр “Бидэнд арав гаруй мэдээлэл ирсэн. Хоёр нь бодитой мэдээлэл болох нь тогтоогдсон. Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гаалийн Ерөнхий газрын дэд дарга Ёндонгийн Бат-Эрдэнэ казино тоглосон нь тогтоогдсон. Мөн “МИАТ” ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт казинод мөрийтэй тоглож, үйлчлүүлсэн нь холбогдох баримтаар нотлогдсон. Иймд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын дарга З.Мэндсайхан нарт эдгээр хүмүүсийн албан тушаалаас нь чөлөөлөхийг даалгасан. Түүнчлэн ХХААХҮ-ийн төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа” гэж мэдэгдлээ.