Нийслэлийн Орон сууцны корпораци компаниас газрыг орон сууцаар солих төсөл хэрэгжүүлэх болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар, НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэм, НОСК-ийн Захиргаа санхүү, хуулийн хэлтсийн дарга П.Анхбаяр нар хийв.
Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулан баталгаажуулах төслийн 19 байршил, нийслэлийн таван дэд төв нийт 24 байршилд 1216 га газрын 20477 нэгж талбарт амьдарч буй иргэд газраа орон сууцаар солих төсөлд хамрагдах боломжтой аж. Газар чөлөөлөлтийн ажлыг хийхдээ дээрх байршлуудад 4 га-аас багагүй газарт, иргэд 100 хувь санал нэгдэж, төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих юм байна.
Нийслэлийн Орон сууц корпорацийн захирал Б.Сүхбаатар “Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор орон сууцжуулах ажлыг шат дараатай хийж байна. Газрыг орон сууцаар солих төслийн хүрээнд хамгийн багадаа 4 га талбарт газар чөлөөлөлт хийнэ. Учир нь тухайн талбарт орон сууцны хорооллоос гадна сургууль, цэцэрлэг, зам, авто зогсоолтой хотхон байх ёстой. 4 га газар дунджаар 90-100 иргэний өмч хэлбэртэй байгаа. Иргэд нэгдээд газраа орон сууцаар сольё гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн төслийг хэрэгжүүлнэ. Нэг иргэний газар 40 сая төгрөгөөр үнэлэгдсэн ч 70 сая төгрөгийн орон сууц авах хүсэлтэй байгаа бол үлдэгдэл 30 сая төгрөгийг таван жилийн хугацаанд 8 хүртэлх хувийн хүүтэйгээр зээлд хамрагдан төлөх нөхцөлтэйгээр төсөлд хамруулах боломжтой” гэв.
Тухайн газар нь орон сууцны үнээс давсан тохиолдолд иргэнтэй гэрээ хийгээд 1-2 жилийн хугацаанд зөрүүг төлөх аж. Газраа чөлөөлсөн иргэдийн хувьд Буянт-Ухаа -II хорооллын ашиглалтад орсон орон сууцанд орох аж.
Газрын орон сууцаар солих байршлууд:
Сонгинохайрхан дүүрэг 7, 8, 9, 10, 28 дугаар хороо Баянхошуу дэд төв
Чингэлтэй дүүрэг 14, 18-р хороо, Сүхбаатар дүүрэг 14-р хороо Сэлбэ дэд төв,
Сүхбаатар дүүрэг 16, 17-р хороо Дамбадаржаа дэд төв,
Чингэлтэй дүүрэг 10, 11, 12, 13-р хороо Дэнжийн мянга дэд төв
Баянзүрх дүүрэг 9, 17, 19, 24-р хороо Шар хад дэд төв,
Сүхбаатар дүүрэг 9, 10, 11, 12-р хороо Орон сууцны 7-р хороолол,
Баянзүрх дүүрэг 2, 4-р хороо Мамба дацан ,
Баянзүрх дүүрэг 13, 14-р хороо орон сууцны 14-р хороолол,
Баянзүрх дүүрэг 12-р хороо Чулуун овооны тойргоос Хууль сахиулах их сургууль орчим,
Сонгинохайрхан дүүрэг 1, 2, 20-р хороо Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай,
Чингэлтэй дүүрэг 9, 10, 11-р хороо Дэнжийн мянга орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай багтаж байна.