Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар “Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Улаанбаатар хотын цэвэр агаар төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банкны 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжүүлж байна. Төслийн үндсэн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.
Хэлэлцээрт гарын үсэг зурах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Энэ төсөл олон жил амжилттай хэрэгжиж ирсэн. Улаанбаатар хотын айл өрхийг ая тухтай дулаан амьдруулах, агаарын бохирдлыг бууруулах, Засгийн газрын хөтөлбөр болон нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон талын ач холбогдолтой төслүүд хэрэгжиж байна.
Өнгөрсөн хугацаанд Дулаалгын аян болон айл өрхийг эрчим хүчний хэмнэлттэй агааржуулалт, эх үүсвэрээр хангах зэрэг агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой шат дараалсан олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд энэ төслийн санхүүжилт маш чухал нөлөөтэй байсан. Цаашид хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхийг хамтарч ажилладаг Дэлхийн банкны хамт олондоо хүсээд, нийслэлийнхээ мянга мянган иргэдийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээв.
Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцорыг бууруулах зорилгоор “Сайжруулсан зуухны хөтөлбөр”, “Дулаалга аян”, Агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр цэцэрлэгүүдийн анги танхимыг хангах зэрэг богино хугацаат арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн тодорхой ахиц дэвшил гаргасныг Цаг уур, орчны шинжилгээний газрын тайлан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн судалгааны багийн гаргасан дүн шинжилгээ зэргээс харж болно гэдгийг Сангийн яамны төлөөллүүд хэлж байлаа.
Нэмэлт санхүүжилтээр олгогдох 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хүлээгдэж буй бодит үр дүнгээс дурдвал, Гэр хорооллын 5.000 орчим айлын халаалтыг цахилгаанаар шийдэх болон нийслэлийн өмчит халаалтын зуухнуудаас ялгарах утааг бууруулснаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулах аж.
Мөн “Дулаалга аян”-ыг үргэлжлүүлэхдээ эрчим хүчний татаасын хэмжээг бууруулж, иргэдийн өөрсдийн идэвх санаачилгаар орон байраа дулаалах арга техникт сурган түлшний хэрэглээг 50 хувь хүртэл бууруулж, өрхийн төсөвт хэмнэлт гаргана гэж үзжээ. Түүгээр зогсохгүй бэлэнчлэх сэтгэлгээ, хандлагыг өөрчилж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх юм байна.
Түүнчлэн гэр хороололд барьж байгуулах “Дэд бүтцийн төв”-ийн үйл ажиллагаатай төслийн зорилго, хэрэгжилтийг уялдуулах бөгөөд үр дүнд нь 200 орчим айлыг бие даасан инженерийн хангамжтай тохилог амины орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлж өгөх юм байна.