С.Амарсайхан: Нийтийн тээврийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна

“Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт шинэ нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтуудтай холбоотой товч танилцуулгыг Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Э.Оюун-Эрдэнэ, Барилга хот, байгуулалтын сайд Х.Баделхан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар болон хэвлэл мэдээллийнхэнд хандан танилцууллаа.

Тэрбээр “Хотын хүн амын суурьшил, оршин суугаа нутаг дэвсгэрийн онцлогт тохирсон, олон улсын стандартад нийцсэн, олон сонголттой, аюулгүй, ая тухтай, хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, үйлчилгээний шинэ соёл, стандарттай, цаг минутаар ажил амьдралаа төлөвлөх боломжийг иргэддээ олгосон, ухаалаг технологи бүхий цахилгаан соронзон галт тэрэг, агаарын замын зорчигч тээвэр /агаарын такси/, тусгай замын автобус, цахилгаан автобус, эко такси зэрэг нийтийн тээврийн төрлүүдийг шинээр нэвтрүүлнэ.

Мөн автобус, таксины парк шинэчлэлийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор шат дараалалтайгаар хийх, нийтийн тээврийн нэгдсэн удирдлагын системийг шинэчлэн нэвтрүүлэх тооцоо судалгааг хийж, цогц шийдлүүдийн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ шийдлүүдийг хэрэгжүүлсний үр дүнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг 2025 он гэхэд 50 хүртэл хувиар бууруулж, нийтийн тээврийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна” гэлээ.

Мөн Цахилгаан соронзон галт тэргийг эхний ээлжинд Энхтайвны өргөн чөлөөний дагуу, Амгалангаас Таван шар хүртэл үйлчилгээнд нэвтрүүлэх бөгөөд 12.2 км урттай, 14 зогсоол бүхий байгууламж барихаар төлөвлөж байна. Ингэснээр Энхтайвны өргөн чөлөөний авто замын ачаалал 68 хувиар буурах боломж бүрдэнэ.

Түүнчлэн агаарын такси тээвэр /Cable car/ хэрэгжсэнээр одоогийн нийтийн тээврийн үйлчилгээг авах боломжгүй гэр хорооллын алслагдсан оршин суугчдыг богино хугацаанд ая тухтай тээвэрлэх боломж бүрдэх аж. Тухайлбал, Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут зарцуулснаар иргэдийн зорчих хугацааг дөрөв дахин багасгах бол 7 буудлаас хотын төв рүү зорчих хугацааг тав дахин багасгаж, 14 минутад тус тус зорчих боломжийг бүрдүүлнэ.

Тусгай замын автобус /BRT/ нь Канад, Америк, Франц, Герман, Финланд, Англи тэргүүтэй Дэлхийн 40 гаруй орнуудад ашиглагдаж байгаа сонгодог тээврийн хэрэгсэл юм. Автобус явах тусгай замын зурвасыг эхний ээлжинд Нисэх-Долоон буудал чиглэлд /15 буудал бүхий/ байгуулахаар төлөвлөж байна. Дараагийн ээлжийн тусгай замын автобусны зурвасыг хотыг тойрог хэлбэрээр хамарсан маршруттай болгож, 60 орчим буудалтайгаар байгуулна. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр авто замын түгжрэл 20-30 хувь буурч, үр дүнд нь үндсэн зорчих хэсгийн хөдөлгөөний хурд 2-3 дахин нэмэгдэх аж.

Түүнчлэн “Улаанбаатар хотыг хүртээмжтэй, тохитой, аюулгүй, соёлтой, олон улсын жишигт нийцсэн такси үйлчилгээтэй болгохын тулд мэдээллийн технологийн дэвшлийг ашигласан, ухаалаг, захиалгын хялбар систем бүхий шинэ таксины үйлчилгээг бий болгох, албан бус такси эрхэлж буй иргэдийг албажуулах зэргээр таксины тоог нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлтийг хийх зорилгоор цахилгаан болон шатдаг хийгээр ажилладаг, олон улсын стандарт шаардлагыг хангасан шинэ автобусаар парк шинэчлэлт хийж эхэлж байна” гэдгийг Хотын Захирагч онцолж хэлээд Сурагчдын автобус одоогоор 5000 гаруй хүүхдэд үйлчилж байна. Сургуулийн автобусны тоог 200-аар дээшгүй тоогоор нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Цаашлаад сурагчдыг хүргэж өгдөг “хүүхэд хүргэлтийн такси” үйлчилгээг нэвтрүүлэхээр судалж байна гэсэн юм.

Танилцуулга мэдээллийн дараа Хотын Захирагч С.Амарсайхан Сүхбаатарын талбайд байршуулсан агаарын дүүжин тээвэр буюу cable car /агаарын такси/ болон цахилгаан автобусыг ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ, Барилга хот, байгуулалтын сайд Х.Баделхан болон бусад холбогдох албаны төлөөлөлд танилцуулав.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд Хотын захиргаа УИХ, Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамтай хамтран зөв гарч шийдлийг шат дараатай хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Үүрэг даалгавар өгснөөс хойш үндсэндээ дөрөв, тавхан сарын хугацаанд бүрэн хэмжээний шийдлийг танилцуулж байгаа Хотын даргад болон төрийн албан хаагчдад Засгийн газрын зүгээс талархал илэрхийлье” хэмээн ярилаа.

Дараа нь холбогдох албаныхан Сүхбаатарын талбайд байршуулсан нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтэд зориулан туршилтаар оруулж ирсэн 10 автобус болон агаарын дүүжин тээвэр буюу cable car /агаарын такси/-ны кабиныг үзэж сонирхлоо.

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр нэвтрүүлэхээр туршилтаар явуулж буй автобусны тухайд 10-15 минут цэнэглээд өвлийн нөхцөлд 100-120 км, зуны нөхцөлд 150-200 км зам туулах чадвартай бол cable car /агаарын такси/-ны кабинд 6-10 хүн зорчих боломжтой юм.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …