Шинэ коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх, цаашид ямар арга хэмжээ авах талаар Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдлаа.
Коронавирусийн халдварын улмаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн золголт, нутгийн зон олон, албан байгууллагаараа шинэлэхийг хязгаарлах чиглэл өгсөн. Энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж төрийн золголт, нутгийн золгуут, байгууллагын золголт, олныг хамарсан цагаан сар хийхийг хязгаарлах зөвлөмж гаргажээ.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Юуны өмнө ажлын дэд хэсэг байгуулж, мэдээллийн уялдаа холбоог хангаж байх үүрэг өглөө. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж санхүүжилтэд хяналт тавихаар тогтлоо. Нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана. Халуун цэгүүдэд ажиллаж байгаа хилийн боомт, бусад байгууллагуудын ажилтнуудад шаардлагатай нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл, эм бэлдмэлийн талаар тодорхой шийдвэр гаргалаа. Өнөөдөр гаргасан чухал шийдвэр бол гаднаас буюу голомтын бүсээс ирж байгаа иргэдийг тусгаарлаж, далд үеийг өнгөрсний дараа гэрт нь хариулах объект бий болгохоор шийдвэрлэлээ. Нийтийн тээврийн хэрэгслийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад анхаарна.
Удахгүй уламжлалт цагаан сарын баяр болно. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалд цагаан сар нь өвчний цар хүрээг тэлэх боломж олгож болзошгүй гэж үзсэн учраас аль болох бэлтгэлтэй байх ёстой. Тиймээс цагаан сарыг өргөн хүрээнд бус гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэхийг уриалж байна. Албан ёсоор хэлэхэд Монголд коронавирус орж ирээгүй байгаа. Мөн төрийн болон хамт олны албан ёсны золголт хийхгүй байх шийдвэр гаргаж байна. Ер нь гуравдугаар сарын 2 хүртэлх хугацаанд олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон учраас цагаан сарын барилдааныг хориглох шийдвэр гаргаж байна” гэж мэдэгдлээ.