Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.02.03/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр бямба гарагт Ухань хотоос ирсэн 31 оюутнаас коронавирусийн халдвар илрээгүй талаар албаны мэдээллийг өглөө.
Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөө өглөө Польш улсад амьдарч буй иргэд, эмч нар бид нарт 400 мянга маск, 100 ширхэг эмч эмнэлгийн ажилчдад зориулсан хувийн ариун хэрэгслийг хандивласан. Мөн Монос групп өчигдөр Ухань хотоос ирсэн иргэдийг витамжинжуулах ажилд оролцож, витамин хандивласан. УИХ-ын гишүүн О. Батнасан 13 мянган ширхэг маск ЭМЯ-нд хандивласан. Мөн Монгол-Солонгосын коллежийн оюутнууд өөрсдийн гараар оёсон 900 маскыг хандивлаад байна. Хүнд бэрх энэ цагт бүгд эв найртай ажиллах нь зүйтэй гэдгийг дэлхий нийт уриалж байна. Тиймээс та бүхэндээ баярлаж буйгаа илэрхийлье” гэлээ.
Д.Нямхүү:Ухань хотоос ирсэн 31 иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “БНХАУ-ын Ухань хотоос өнгөрсөн бямба гаригт ирсэн 31 иргэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарласан. Шинжилгээнд хамруулахад коронавирусийн халдваргүй буюу сөрөг гарсан. Гэхдээ 14-21 хоногийн турш ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт судалгаа явуулж байна. Мөн нисэх багийн 15иргэнийг тусгай тасагт байрлуулан ажиглаж байгаа.
Амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор нэвтэрсэн Эрээн амьдардаг гэх гурван иргэнийг сэжигтэй тохиолдол гэж үзсэн тул тусгаарласан. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг буюу коронавирусийн халдвар аваагүй гэж гарсан. Нэгдүгээр сарын 9-ний өдрөө хойш нийт 71 хүнийг коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Монгол Улсад тус өвчин бүртгэгдээгүй” гэв.