Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас анги дэвших болон төгсөлтийн улсын шалгалт авахгүй байхаар БСШУСЯ-наас шийдвэрлэжээ.
Энэ талаар БСШУСЯ-ын сайд Ё.Баатарбилэг дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Энэ жил улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалтыг бол авна. Анги төгсөх болон бусад улсын шалгалтыг авахгүй, зохион байгуулахгүй. Ер нь бол төгсөлтийн улсын шалгалтыг тавдугаар анги, есдүгээр анги, арванхоёрдугаар ангиас л авч байгаа.
Тэгэхээр энэ жил улсын шалгалтууд болон анги төгсөх шалгалтуудыг зохион байгуулахгүй гэж ойлгох хэрэгтэй. Одоогийн байдлаар таван долоо хоногийн буюу 35 хоногийн танхимын хичээл тасарч, үүнтэй холбоотой теле хичээлээр энэ хоцрогдлыг нөхөх асуудал явж байгаа. Тэр таван долоо хоногийнхоо хичээлийг сурагчид дөрөв, тавдугаар сардаа эргэж харж шахуу үзэх учраас бид энэ хичээлүүдийнхээ хоцрогдол, агуулгыг нөхөх асуудалд л гол анхаарлаа хандуулна. Түүнээс биш хүүхдүүдийг төгсөлтийн шалгалтад бэлтгэх, өөр янз бүрийн шалгалт, уралдаан, олимпиад руу сатааруулж болохгүй гэдэг чиглэл өгч байгаа.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг хугацаанд нь авахаар төлөвлөж байгаа. ЭЕШ-ыг зургадугаар сарын 8-11 хооронд авна гэж төлөвлөж байгаа.
12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдээс монгол хэлний шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд авна. Энэ шалгалтад орж амжаагүй болон амжилттай өгч чадаагүй хүүхдүүдэд хоёр дахь боломж болгож шалгалт авдаг. Түүнийг тавдугаар сарын 16-нд гэж төлөвлөж байна. Энэ хоёр шалгалтаа бол заавал авна. Яагаад гэвэл монгол хэлнийхээ шалгалтын 400 босго оноог давж байж их, дээд сургуульд суралцах асуудал яригдана шүү дээ. Тийм учраас энэ хоёр шалгалтыг бол 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд заавал өгнө” гэж мэдэгдлээ.