Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар тогтоол гарсан билээ.
Энэхүү тогтоолын дагуу өнөөдөр Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгалан, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон албаны хүмүүс сайжруулсан шахмал түлшний үйлвэр барих газар сонгохоор налайх дүүрэг болон төв аймгийн газар нутагт ажиллав.
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих газрыг сонгохдоо төмөр зам, авто зам, цахилгаан сүлжээ, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаанд үндэслэх учраас Налайх дүүрэг, Налайх дүүрэгтэй зэргэлдээ Төв аймгийн газруудаас сонгон үйлдвэрээ байгуулах гэнэ. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих газрыг сонгохоор ажилласан ажлын хэсгийнхэн эдгээр газруудад холбогдох байгууллагуудаас техник эдийн засгийн үндэслэл болон холбогдох дүрэм журмын дагуу тооцоо судалгаагаа гарган Засгийн газрын хуралдаанаар оруулан мэдээ мэдээллээр ханган ажиллахаар боллоо. Засгийн газрын хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих газрыг шийдвэл ирэх дөрөвдүгээр сараас үйлдвэр барих ажлыг эхлүүлэх аж.