Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд 15:00 цаг мэдээлэл хийлээ. Хуралдаанаар доорх долоон төрлийн шийдвэрийг гаргажээ.
- Дөрөвдүгээр сарын 1-ээс аравддугаар сарын 1-ийг хүртэл зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс бүх ААН, компаниудыг бүрэн чөлөөөлж, тэглэх арга хэмжээг авч байна.
- Дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1-ийг хүртэл зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс Хүн амын орлогын албан татвар авахгүй байхаар бүрэн чөлөөллөө.
- Дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1-ийг хүртэл 1,5 тэрбум төгрөгнөөс доош орлоготой ААН, байгууллагуудын үйл ажиллагаанаас орлогын албан татвар авахгүй бүрэн чөлөөлж байна.
- Шинэ коронавирусын халдвараас болж орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж байгаа хувийн хэвшлийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгний дэмжлэгийг гурван сарын хугацаанд олгохоор шийдвэрлэж байна.
- Малчдын амжиргааг дэмжих зорилгоор малчидаас ноолуур худалдан авах зорилгоор гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгний хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгч нарт олгож байна. Зээлийн зөрүүг Засгийн газар дааж хариуцна. Дэлхийн Банк, ОУВС-аас энэ жилийн дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0% гэж дүгнэж байгаа. Хятадын эдийн засаг л 2% өснө. Тийм учраас зах зээл дээр ноолуурынхаа үнийг хадгалах, 233,000 малчин өрхийнхөө ажил амьдралыг тэтгэх, дэмжих зорилгоор ноолуурын үнийг дундажаар 100,000 төгрөгт барих зорилгоор 300 тэрбум төгрөгийн хөнгөлэлттэй зээлийг үйлдвэрлэгч нарт олгож байгаа. Хүүгийн зөрүүг засгийн газар хариуцна.
- Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор 18 хүртэл насны хүүхдэд сар бүр олгодог 20,000 төгрөг дээр нэмж 10,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл гурван сарын хугацаанд хүүхдийн мөнгөн дээр нь нэмж 10,000 төгрөг өгнө гэсэн үг.
- Дөрөвдүгээр сарын 15-аас шатахууны литр тутам 300-400 төгрөгөөр буулгах ажлыг зохион байгуулах үүрэг даалгаврыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох яамдад олгож байна.
Эдгээр шийдвэрүүдийг танилцуулан, шат шатандаа хариуцлагатай ажиллахыг Ерөнхий сайд анхааруулж энэ удаагийн хэвлэлийн бага хурал өндөрлөлөө.