Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл боллоо. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварын шинжилгээний хариуг зарлалаа.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Токио -Улаанбаатарын онгоцоор ирсэн 100 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Нийт 206 хүнийг шинжилж дууслаа. Үүргийн онгоцоор ирсэн бүх хүмүүсийг тусгаарлаж шинжилж дууслаа. Ажиглалт, тусгаарлалтын үед эмч нар анхаарал сулруулахгүй ажиллана. Иргэд ч гэсэн өөрийгөө хамгаалж, ажиглаж, тусгаарлалтыг сунгасан 21 хоногт дэглэмийг маш сайн хийж ажиллавал бид халдварыг хумих, хянах боломжтой. Бидний гол зорилго илрүүлэх. Ойр орчныг нь самнаж илрүүлэх, тандан судлах ажлыг хийнэ.
Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдэж байна.
2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт хоёр, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр гээд нийт зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 2020 оны гуравдугаар сарын 25-нд Сэлэнгэ аймагт тусгаарласан таван сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийж байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн тусгаарлагдсан байна” гэсэн мэдээллийг өглөө.