“Bloomberg Economics”-ийн тооцоолсноор БНХАУ-ын ихэнх хэсэгт өнгөрсөн 7 хоногийн төгсгөл гэхэд байгууллагууд болон бизнесүүдийн 90-95 хувь нь хэвийн горимдоо шилжсэн байна.
Коронавирусийн тархалтын улмаас доголдоод байсан эдийн засаг эргэн хэвийн байдалд шилжих дөхөж байгааг БНХАУ-д түүхий эдийн хэрэглээ эргэн нэмэгдэж байгаагаас харж болохоор байгаа юм. Жишээ нь: Бие дааж үйл ажиллагаа явуулдаг газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааны идэвх III сард огцом буурсан бол өнөөдөр эргэн дээшилж өмнө нь байгаагүй өндөр цэгт дөхсөн байна. Өнгөрсөн сард өдөрт 12 сая баррель тос боловсруулж байсан бол энэ сард 13 сая баррельд хүрэхээр байна. Харин нүүрсний хэрэглээний тухайд БНХАУ-ын цахилгаан станцууд IV сарын 7-ны өдрийн байдлаар 2019 оны мөн үеийнхтэй бараг ижил хэмжээний нүүрс хэрэглэж байна. Эрэг дагуу байрладаг станцуудын өдрийн хэрэглээг II сарын эхэн үетэй харьцуулбал хоёр дахин өсөөд байгаа юм. БНХАУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн импортын 7 хоногийн дүн II сарын эхэнд 1 сая тонноос доош орж буурсан бол энэ долоо хоногийн захиалга 1.5 сая тонн даваад байна. БНХАУ-ын зэсийн зах зээлээс мөн л сэргэлт бий болж байгаа нь ажиглагдаж байна. Барилга болон эрчим хүчний түгээлтийн салбарт түлхүү ашигладаг энэхүү түүхий эдийн нөөц III сарын дунд үед огцом өсөж түүхэн дээд цэгтээ дөхөөд байсан. Харин одоо эргээд буурч байна. Шанхайн фьючерс арилжааны биржийн тооцоолсноор нөөц сүүлийн 3 долоо хоног дараалан багасаад байгаа юм. Мөн л барилгын салбарын идэвхийг харуулдаг арматурын ган туйвангийн нөөц 15 долоо хоног дараалан нэмэгдсэний эцэст эргээд буураад байна. Нөөцийн хэмжээ өмнө нь байгаагүй өндөр дүнд буюу 14 сая тоннд дөхөж ирээд байсан юм.
Эх сурвалж: bloombergtvmongolia.com