Кремлийн зүгээс ялалтын баярыг хэрхэн тэмдэглэх тухай эцсийн шийдвэрийг хараахан гаргаагүй ч олон хувилбарыг авч үзэж байгаа тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэллээ.
Харин тухайн өдөр арга хэмжээ зохион байгуулбал ахмад дайчдыг урихгүй гэж мэдэгдсэн юм. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ялалтын 75 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх эсэх тухай асуудал яригдаж байна. Аль ч тохиолдолд эрсдэлт бүлгийн буюу ахмад дайчдыг олныг хамарсан арга хэмжээнд оролцуулахгүй байхаар тогтжээ. “Мэдээжийн хэрэг, ахмад дайчдынхаа эрүүл мэндийг хамгаалах үүднээс ийм шийдэлд хүрч байгаа” хэмээн Песков мягмар гарагт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэллээ.
Тавдугаар сарын 9-нд Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ой тохиож байна. Энэ жил баярыг өндөр түвшинд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч коронавируст халдварын дэгдэлтээс шалтгаалан ОХУ даяар хөл хорио тогтоогоод байгаа юм. Өмнө нь зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд Ерөнхийлөгчийн зөвлөх Антон Кобяков Засгийн газарт хандан захидал бичиж, баярын арга хэмжээнд 65-аас дээш насны иргэд, ахмад дайчдыг олноор цуглуулан эрсдэл үүсгэхгүй байхыг хүссэн тухай мэдээлэлж байсан юм.