Японы Ерөнхий сайд Шинзо Абэ коронавирусний халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс Токио, Осака болон өөр таван мужид тогтоосон онцгой байдлыг орон даяар болгон өргөжүүлэх шийдвэрийг пүрэв гарагт гаргажээ. Ингэснээр 126 сая орчим хүн амтай бүх 47 мужид онцгой байдал тогтоолоо.
Шинзо Абэгийн мэдэгдсэнээр, Засгийн газар бүх иргэнд 100 мянган иен буюу 930 ам.долларыг олгохоор болжээ. Японд зарласан онцгой байдал нь бусад улс орныхтой адил хатуу хөл хорио биш юм. Халдвар тархаж болзошгүй байгаа тул муждаа онцгой байдал зарлахыг зарим захирагчид төв Засгийн газраасаа хүссэн ажээ.
“Би халдварын тархалтыг хязгаарлаж, ялангуяа удахгүй болох “Алтан долоо хоног”-ийн амралтаар зорчих хөдөлгөөнийг бууруулах үүднээс бүх мужид онцгой байдал тогтоолоо” гэж Шинзо Абэ Засгийн газрын коронавирусний асуудал хариуцсан ажлын хэсгийн уулзалтын үеэр мэдэгджээ.
Хүмүүс хоорондын хавьтлыг хамгийн багадаа 70 хувь, цаашлаад 80 хувь хүртэл бууруулахад ирэх тавдугаар сарын 6 хүртэл үргэлжлэх онцгой байдал чухал ач холбогдолтой гэж тэрбээр хэлсэн байна. Дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын эхэн үе хүртэл үргэлжилдэг баярын амралтаар Японы олон иргэн төрсөн нутагтаа очиж, аялж зугаалдаг юм. Энэ жилийн амралт тавдугаар сарын 6-нд дуусах ажээ.