Италийн Засгийн газар коронавирусний цар тахалтай хийж буй тэмцлийн хоёр дахь үе шатыг тавдугаар сарын 4-нөөс эхлүүлэх бөгөөд хязгаарлалтын зарим арга хэмжээг цуцална гэж тус улсын Ерөнхий сайд Жузеппе Конте мэдэгджээ.
“Тавдугаар сарын 18-ныг хүртэл бүс нутгуудын хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байх бөгөөд зөвхөн ойр дотны хүмүүстэй уулзахаар зорчихыг зөвшөөрнө. Олон гэр бүл хуваагдсан гэдгийг бид мэдэж байгаа” гэж тэрбээр ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.
Үүний зэрэгцээ тэрбээр цар тахлын эсрэг тэмцлийн хоёр дахь үе шатанд өвчлөл дахин нэмэгдэж болзошгүй тул хоорондоо хол зайтай байх журмыг зайлшгүй сахин мөрдөх шаардлагатайг анхааруулжээ. “Хэрэв та Италид хайртай бол энэ журмыг дагаж мөрдөөрэй” гэж Конте хэлсэн байна.
Тавдугаар сарын 4-нөөс мөн Италийн цэнгэлдэх хүрээлэнгүүд, хотуудын цэцэрлэгүүдийг нээнэ. Харин жижиглэн худалдааны дэлгүүрүүд, музей тавдугаар сарын 18-нд нээгдэх бол үсчин, гоо сайхны газрууд, мөн баар, зоогийн газрууд зургадугаар сарын 1 хүртэл хаалттай хэвээр байх аж.
Эх сурвалж: RIA Novosti