Улсын онцгой комиссын Шуурхай штабаас 4-р сарын 30, 5-р сарын 1, 2 –ны өдрүүдэд хийгдэх тусгай нислэгийн талаар өнөөдөр /04.29/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай нислэгээр иргэдээ татан авах ажлын талаар мэдээлэл өглөө.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу ойрын өдрүүдэд гурван онгоц хүлээн авахаар төлөвлөөд байна. УОК-оос гарсан шийдвэрээр АНУ, Европ, Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авахаар гурван тусгай нислэгийг хийх гэж байна.
-Дөрөвдүгээр сарын 30-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр долоон улсаас 273 зорчигч
–Тавдугаар сарын 1-ний Сөүл-Улаанбаатарын нислэгээр БНСУ-д байгаа 271 зорчигч
-Тавдугаар сарын 2-ны Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирнэ.
Нислэг тус бүрийн зорчигчийн тоо өөр байгаа нь бага насны хүүхдүүд аав ээжийнхээ өвөр дээр суугаад ирэхтэй холбоотой. Сул суудал гарах тутамд дараагийн хүнээ аваад явж байгаа гэж ойлгож болно.
Дараах нислэгт эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн, өндөр настан болон асран хамгаалагчтай, бага насны хүүхэдтэй, хүндэтгэх шалтгаантай иргэдийг сонгон шалгаруулалтаар авч байна.
86 настай иргэнийг бид орхиогүй ээ. Тухайн иргэнийг транзит нислэгт багтаасан.Гэхдээ 86 настай иргэнийг авчрахын тулд нислэгт хамрагдах ёстой байсан нэг хүнийг хасч байна. Өөрөөр хэлбэл, нэг хүнийг баярлуулаад, нөгөө хүнийг гомдоох ийм асуудал үүсч байна. Тусгай нислэгт багтах иргэдийг сонгох асуудал маш хүнд байна гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж мэдэгдлээ.