ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.
Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд буюу өчигдөр коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдээгүй. ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн нийт гурван лабораторид 163 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Үүнд: ХӨСҮТ-д тусгаарлагдсан -12, Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүний давтан шинжилгээ, Замын-Үүдэд тусгаарлагдсан-1, Тандалтын 46 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
Тандалтад Өвөрхангай аймаг болон Багануур дүүргээс цуглуулсан сорьцыг хамруулсан. Энэ нь улс оронд коронавирусийн халдвар байгаа эсэхийг мөрдөж байгаа юм. Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 31 жолооч, ажиглалтад байсан 43 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүн байна. Бусдыг нь дараагийн шат руу шилжүүлж, 150 орыг бэлдлээ. Одоо чартераар ирэх иргэдэд онцгой анхаарал хандуулна.
ОХУ-аас ирсэн оюутнууд 20-иод хоночихлоо. Заримд нь 3, заримд нь 4 удаа давтан шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй” гэсэн мэдээллийг өглөө.