Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.05.05/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр “The HU” хамтлагийнхан өнгөрсөн ням гаригт (2020.05.03) Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирсэн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.
Тэрбээр ““The Hu” хамтлаг дэлхийн олон улс орноор аялан тоглолт хийж байгаад Австрали улсад хоёрдугаар сарын дундуур очсон. Тэр үед Австрали улс хилээ хаагаагүй байсан. Тэднийг очоод удаагүй байхад цар тахлын улмаас Австрали улс дахь бүх тоглолтууд цуцлагдсан. Мөн олон улсын нислэгүүд зогсч, эх орондоо ирэх боломжгүй болсон. Австрали улсын Элчин сайдын яаманд хамгийн анх хандаж бүртгүүлсэн 30 хүний тоонд “The Hu” хамтлагийнхан багтсан байдаг.
Тус хамтлагийнхан өнгөрөгч хоёрдугаар сараас хойш эх орондоо ирэх хүсэлтийг тавьсан. Өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Ухань хот руу ниссэн тусгай үүргийн онгоцоос хойш 12 удаагийн нислэг үйлдсэн. Энэ бүх нислэгт “The Hu” хамтлагийг “Хүндэтгэх шалтгаантай иргэд биш” гэдэг тайлбарыг хэлж, оруулаагүй. Хамтлагийн залуус бидний хүсэлтийг маш хүндэтгэлтэй хандаж ирсэн. Өнөөдөр тавдугаар сар гарчихлаа. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд “The Hu” хамтлагийнхан тэвчээртэй хүлээсэн. Харин энэ удаа Улсын онцгой комиссоос тус хамтлагийн удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, харгалзан үзэх шаардлагатай гэж эх оронд нь авч ирсэн. Иргэдийн хувьд хэн нэгэн хүнийг гомдоогоод эх орондоо ирсэн гэж битгий ойлгоорой. Тэд өмнөө маш олон хүмүүсийг хүндэтгэн, явуулсан” гэж мэдэгдлээ.