Цагаан ордны ажилтнуудаас коронавирусийн халдвар илэрсний дараа ажиллагсдад заавал амны хаалт зүүхийг үүрэг болгожээ. Гэхдээ ажлын өрөөндөө амны хаалт зүүхгүй байж болох бөгөөд зөвхөн нийтийн орон зайд зүүхээр болсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн өргөөнд коронавирус тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд Цагаан ордны ихэнх ажилтанд эмнэлгийн амны хаалт зүүх эсвэл хамгаалах өөр хэрэгслээр нүүрээ заавал халхлах шаардлага тавьж байгаа тухай “The Washington Post” сонин тус улсын засаг захиргааны төлөөлөгчдийн мэдээллээс иш татан уламжилжээ.
Тэдний мэдээлснээр, шинэ журмыг удахгүй нийтлэх аж. Гэхдээ энэхүү шаардлага нь ажлын өрөөнүүдэд хамаарахгүй бөгөөд ажлын өрөөндөө амны хаалтгүй байж болно. Хамгаалалтын хэрэгслийг зөвхөн Цагаан ордны “нийтийн орон зайд” зүүх шаардлагатай аж. Үүнээс гадна, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө амны хаалт зүүхгүй байх гэж сонины эх сурвалжууд мэдээлсэн байна.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенсийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэти Миллерээс тавдугаар сарын 8-нд шинэ коронавирус илэрсний дараа Пенс өөрийгөө тусгаарласан гэж “Bloomberg” агентлаг урьд нь эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан уламжилжээ. Гэвч энэ мэдээллийг Америкийн дэд ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Девин О’Мэлли няцаасан юм. Үүнээс өмнө коронавирустэй тэмцэх зорилгоор байгуулсан ажлын хэсгийн гурван гишүүн тусгаарлагдсан байна.
Уг ажлын хэсгийг Пенс ахалж байгаа юм. Тодруулбал, АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Роберт Редфилд, Эрүүл мэндийн яамны хүнс, эм бэлдмэлийн чанар хариуцсан газрын дарга Стивен Хан, Харшил, халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи нар 14 хоног тусгаарлагдсан байна.