Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.06.05/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр ““Оюутолгой” компани ажилчдаа Австрали улсад хүргэх зорилгоор МИАТ компанийн онгоцыг түрээсэлж, зургадугаар сарын 6-нд Сидней рүү нислэг үйлдэхээр болсон. Энэ боломжийг бид ашиглаж, Австрали улсад байгаа, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ авчрах ажлыг зохион байгуулахаар боллоо.
Ирж байгаа иргэд маань Шуурхай штабаас гаргасан зөвлөмж, зааврыг чанд сахин биелүүлж, мэргэжлийн хяналтын байгууллагаас шаардсан үзлэгт хамрагдсан байх шаардлагатай. Татан авах, тусгаарлалтад байрлуулах зайлшгүй гарах зардлыг мөн төлөх байгаа. Ирээд 21 хоног тусгаарлалтад байж, зөвлөмжийг чанд сахина гэдгийг анхаарах хэрэгтэй.
Өнгөрсөн сард бид “Маскаа зүүе” аяныг хэрэгжүүлсэн нь амжилттай болсон. Уг аяныг үргэлжлүүлж, хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ. Иргэд хувийн эрүүл ахуйг анхаарч, бусдынхаа эрх ашгийг бодож, амны хаалтаа зүүх шаардлагатай байна.
Түүнчлэн УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотой улс төрийн намуудыг Засгийн газраас гаргасан журмыг дагаж, мөрдөхийг нэр дэвшигчдэд зөвлөж байна.
Мөн эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдэд хандаж хэлэхэд Шуурхай штаб нэг ч өргөдлийг гээгдүүлэхгүйгээр танилцаж, судалж байгаа. Тиймээс дахин дахин өргөдөл давхцуулж явуулахгүй байхыг хүсье. Одоогийн байдлаар бид маш зузаан 75 боть өргөдөл хүлээн авснаас гадна давхардсан өргөдлүүд 23 боть болчихоод байгаа юм. Бид бүх өргөдөлтэй сайтар танилцаж, судалж байгаа” гэлээ.
Австрали руу нислэг үйлдэх алтан боломж гарлаа
Үргэлжлүүлэн Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Австрали руу нислэг үйлдэх алтан боломж гарлаа. Өмнө нь тус улс руу нислэг хийгдэж байгаагүй. Өнөө өглөө нислэг үйлдэх зөвшөөрлөө авч чадлаа. Нислэгээ зарлахгүйгээр “Нууцаар нисэх гэж байна” гэсэн хардлага байсан. Бид өнөө шөнө нислэгээ үйлдэнэ. Замдаа онгоцоо хэрхэн цэнэглэх зэргээр тооцоо судалгаа гаргах шаардлагатай олон асуудал бий. Тус улсаас ирэх хүсэлтэй мянга гаруй иргэн бий. Нэрсийг нь холбогдох яаманд хүргүүлсэн.
Азийн орнуудаас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа хамгийн олон иргэн Өмнөд Солонгост байна. Тус улсад нийт 1,8 мянган хүн байна. Өнгөрсөн хугацаанд 30 удаагийн нислэгээр 9068 иргэнээ татан авсан. Зөвхөн агаараар биш газраар ч авч байгаа. Хятадаас ирэх хүсэлтэй 160 иргэн бий. Ойрын хугацаанд татан авна.
Зургадугаар сард найман нислэг үйлдэнэ гэж зарласан. Тооцоогоор 2000 иргэнээ агаараар татаж авна. Өнөө орой Сидней хот руу нисэж, замдаа онгоцоо цэнэглээд ирэх замдаа Сингапурт байгаа бүх иргэдээ авчирна. Нур Султан руу зургадугаар сарын 10-нд нисч, Казахстаны иргэдийг хүргэж өгөөд, өөрийн иргэдийг авчирна. Ингэхдээ Киргиз, Узбекстан, Тажикстан, Казахстан болон төв азийн оронд гацсан иргэдээ хамруулахыг зорьж байгаа.
Токио хот руу дөрөвдүгээр сараас хойш нислэг үйлдээгүй. Тус улс руу зургадугаар сарын 11-нд нисэж, хөгжлийн бэрхшээлтэй зургаан иргэн, оюутан залуусыг авчирна.
Энэтхэг рүү зургадугаар сарын 12-нд нисч, 18-аас доош насны 230 ламхайг авчирна. Тусгаарлах байрны зардлыг Засгийн газрын нөөц сангаас төлж барагдуулах шийдвэр гарсантай холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллаж байна. Буцахдаа Лаос хотоос 13 иргэнээ суулгах юм. Яагаад Лаосоос 13 иргэнээ авч байна вэ гэвэл тус улс бүх нислэгээ хаасан учраас транзит нислэг үйлдэх боломжгүй байгаа юм. Энэ бүхний цаана нислэгийн зөвшөөрөл авах гэх ажлуудыг шуурхай хийхээр зорьж байгаа.
Сөүлээс зургадугаар сарын 17-нд зөвхөн транзит нислэг үйлдэнэ. Зургадугаар сарын 3-ны өдөр БНСУ-ын Хууль зүйн сайдын шийдвэрээр Монгол, ОХУ, Тайландаас иргэдийг хүлээж авахгүй гэж мэдэгдсэн. Тайлбар нь олон улсын төвшинд агаарын хилээ хаасан ОХУ, Тайланд Монгол улсууд Инчёнд ирээд олон хоног саатаж байхдаа халдвар авсан тохиолдол гарсан. Тиймээс аюулгүй байдлын зүгээс энэ урсгалыг зогсоох зорилготой юм билээ. Гэвч бид уулзалт хийсний дүнд транзит нислэг үйлдэхээр болсон.
АНУ болон хойд Америкт байгаа иргэд рүү шууд нисэхэд хүнд байна. АНУ-аас эх орондоо ирэх гол гарц нь Өмнөд Солонгост ирэх явдал юм. Тайланд улсад 159 хүн байгаа. Тайланд улс хилээ зургадугаар сарын 30 хүртэл хаасан байгаа юм. Тиймээс зөвхөн Өмнөд Солонгосоор дамжуулж авах боломж байна. Бухимдах, Элчин сайдын яам руу дайрах хэрэггүй.
Зургадугаар сарын 18-нд Сөүлд байгаа иргэдээ авчрах нислэг хийнэ. Энэ нислэгээр Өмнөд Солонгосын саатуулах байранд байгаа иргэдийн төлөөллөөс авчрах болно. БНСУ руу нисэх давтамжийг цаашид хадгална.
Франкфуртээр европт байгаа иргэдээ татна. Эдгээр иргэдээ авчирсны дараа тусгаарлах байрны нөөц боломжийг харж байгаад дараагийн нислэгээ зарлах болно. Сонгуульд оролцох асуудал яригдсан. Сонгуулиас өмнө ирээд тусгаарлагдах иргэд санал өгөх боломжгүй. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа хүн бүрээр гарын үсэг зуруулна” гэж мэдэгдлээ.