ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.
Тэрбээр“Зургадугаар сарын 9-нд дөрвөн лабораторид 358 хүнд шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, тандалтын зорилгоор 12, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ачаа тээврийн 24 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 12 хүний давтан шинжилгээ, Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүн дээр нисэх бүрэлдэхүүн нэмэгдэж 274 хүнд шинжилгээ хийсэн.
Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжиж байна. 25-27 хоног эмчлэгдэж эдгэрсэн иргэний нэг нь цэргийн сургуулийн оюутан бол нөгөө нь Алтанбулаг боомтоор орж ирсэн мөн оюутан хүүхэд.
Нийт батлагдсан тохиолдол 194 байгаагийн 87 нь эдгэрлээ. Эмчилгээнд 107 хүн байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, 91 хүн хөнгөн, 16 хүн хүндэвтэр байна.
Манай улстай хил орчим ОХУ-ын Чита, Эрхүү, Тува зэрэг бүсүүдэд халдварын тохиолдол эрс нэмэгдэж, хяналтаа сайжруулсан байна. Энэ бол бидэнд маш тодорхой дохио өгч байна. Зургаан сар хамгаалсан амжилтыг эвдэх эрсдэл байгаа.
Жишээлбэл, Увс аймгийн Давст сумаар хоёр хүн морьтой хил гарсан. Хил гааль маш сайн хяналттай байгаа энэ үед тэдгээр иргэд цоорхой гаргалаа. Тухайн хоёр иргэний эхний шинжилгээг зургадугаар сарын 4-нд хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Дараагийн хяналтын шинжилгээг давтан хийнэ” гэсэн мэдээллийг өглөө.