ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ, Дархан-Уул аймаг дахь Ерөнхий Консулын хэлтэст 6 сарын 27, 7 сарын 1-нд зохион байгууллаа.
Бүх нийтийн санал асуулга 6 сарын 25-наас 7 сарын 1-нд ОХУ даяар төдийгүй хилийн чанадад өрнөсөн юм. Манай улсад ОХУ-ын 3000 орчим иргэн оршин суудгаас санал хураалтад оролцох насны 1000 гаруй иргэн бий. Эрдэнэт, Дархан хотод оросын иргэд олноор оршин суудаг учир 6 сарын 27-нд Дархан хот дахь Ерөнхий консулын газарт санал хураалт мөн зохион байгуулжээ.
Ингэхдээ иргэдийн биеийн халууныг хэмжиж, гарыг ариутган, амны хаалт зүүлгэж санал хураах байр луу нэвтрүүлж, цар тахлын үед Монгол Улсын мэргэжлийн байгууллага болон Роспотребнадзорын зүгээс өгсөн эрүүл ахуйн зөвлөмжийг мөрдсөн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин энэ оны 1 дүгээр сард Холбооны Хуралд илтгэл тавихдаа 1993 онд батлагдсан ОХУ-ын Үндсэн хуулийг шийдэмгий өөрчлөхийг иргэддээ уриалсан билээ. Нэмэлт өөрчлөлт боловсрол, эрүүл мэндийн орчин үеийн тогтолцоог бий болгож, иргэдийн нийгмийн хамгаалал, эрх баригчдын хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээний шинэчлэлийг багтааж байгаа юм. Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой ярилцлаа.
-Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах нь ОХУ-ын хувьд ямар ач холбогдолтой вэ?
– Манай улсын улс төр, нийгэм эдийн засаг, иргэдийн аж амьдралыг өөрчлөх чухал мөч тохиож байна. 1993 оны 12 дугаар сард буюу 27 жилийн өмнө батлагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл манай парламентын хоёр танхим болон Холбооны засаг захиргааны бүх нэгжүүдийн дэмжлэгийг авснаар олон нийтийн санал асуулгаар орж байна. Бидний амьдрал байнга өөрчлөгдөж байдаг тул орчин үетэй хөл нийлүүлэн алхах нь зүйтэй. ОХУ-д өнгөрсөн хугацаанд технологийн төдийгүй нийгэм, соёлын өөрчлөлтүүд их гарсан, орчин үеийн иргэн ч өөр болсон. Энэ бүхнийг харгалзан манай улсын Ерөнхийлөгч энэ оны 1 дүгээр сарын дундуур Холбооны Хуралд илтгэл тавихдаа Үндсэн хуульд шийдэмгий өөрчлөлт оруулахыг уриалсан. Тус өөрчлөлтийг боловсруулах нарийн ажил урт удаан хугацаанд явагдаж, эрх зүйч, улс төр судлаач болон бусад мэргэжлийн хүмүүсийн хамтын ажиллагааны үр дүнд маш чанартай өөрчлөлтүүд гарсан. Монгол Улс мөн энэ онд 1992 онд батлагдсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, энэ тал дээр манайхаас өрссөн гэж хэлж болно. Өнгөрсөн тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болсон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явц манайхаас ялгаатай байсан ч монголчуудын хувьд чухал байсан шиг бидний хувьд ч энэ өөрчлөлт чухал ач холбогдолтой юм.
– Онцлох өөрчлөлтүүдээс дурдвал. Эдгээр нь ОХУ-д ямар шинэ боломж авчирна гэж харж байна вэ?
– Үндсэн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт бүх салбарыг хамарч байгаа учир мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна. Жишээлбэл бүс нутгийн эрх барих байгууллага холбооны төв хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх Төрийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах Холбооны хуулийг батлах нөхцөл бүрдэж байна. Өөрөөр хэлбэл Төрийн зөвлөл Үндсэн хуулийн үндэс суурь болж байна гэсэн үг. Түүнээс гадна 1993 онд батлагдсан Үндсэн хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч хоёр удаа дараалан сонгогдох эрхтэй гэсэн тэмдэглэл оруулсан байдаг. Нэмэлт өөрчлөлтөөр “дараалан” гэсэн үгийг хасаж байгаа. Ингэснээр Ерөнхийлөгч хоёр удаа сонгогдох эрхтэй болж байгаа нь мөн маш чухал өөрчлөлт. Түүнчлэн Ерөнхийлөгч, Засгийн газар, Холбооны хурал зэрэг төрийн эрх барих байгууллагуудын хоорондын уялдаа холбоог илүү тодотгож, олон зүйл маш тодорхой зохицуулалттай болох хүлээлттэй байна.
Нийгмийн салбар дахь өөрчлөлтүүд гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад сонирхолгүй байж болох ч оросуудын хувьд маш чухал ач холбогдолтой юм. Ард иргэд рүү чиглэсэн чухал өөрчлөлтүүдээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ амьжиргааны түвшнээс доогуур байж болохгүй, тэтгэврийн индексийг инфляцын түвшинд ба түүнээс дээш барина гэх хоёр заалтыг онцолмоор байна.
Мөн түүнчлэн Элчин сайд миний хувьд болон манай дипломат ажилтнуудын хувьд чухал ач холбогдолтой өөрчлөлтүүд гадаад бодлогод орсон байна. Тухайлбал, ОХУ-ыг ЗСБНХУ-ын хууль эрх зүйн өв залгамжлагч мөн гэдгийг анх удаагаа бичгээр тусгасан. ОХУ өөрийн ашиг сонирхол, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг ханган хамгаалж энх тайвны гадаад бодлого явуулдаг гэдгийг Үндсэн хуульд тусгасан нь ч өмнөх заалтаас дутуугүй чухал юм. Гадаадад оршин суудаг манай нутаг нэгтнүүдэд холбоотой, тэднийг дэмжих, эх оронтой харилцах харилцаагаа таслахгүй байхын баталгаа гаргах талаар хэд хэдэн заалт ч шинээр боловсруулагдсан байна.
Бэлгийн цөөнх буюу ЛГБТ гэх ойлголтын тухайд ОХУ-ын байр суурийг нэмэлт өөрчлөлтөөр илүү тодорхой болгосон. Тухайлбал, гэрлэлт гэдэг нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нэгдэл гэдгийг Үндсэн хуульд тодорхой заасан байна. Энэ тодорхойлолт манай улсын тусгаар иргэншлийг барууны болон АНУ-аас ялгаатай байна. Гэвч энэ нь цөөнхийн эрх чөлөөг боомилж байгаа хэрэг биш боловч хүнийг байгалийн жам ёсоор амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгааг ойлгох хэрэгтэй.
– Нэмэлт өөрчлөлтөд хүмүүс амьтны өмнө хариуцлага хүлээнэ гэсэн заалтыг тусгасан нь анхаарал татлаа?
– Тийм шүү. Энэ заалтыг оруулах болсон нь хүний ухамсраас бус бодит үйлдлээс үүдэлтэй. Харамсалтай нь манай нийгэмд зөвхөн амьтан гэлтгүй амьд байгалийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарладаггүй хүмүүс олон. Одоо үед байгаль экологийн асуудал нэгдүгээрт тавигдаж байгаа учир ийм байдлаар цааш явах боломжгүй. Энд гэрийн тэжээвэр амьтдыг ч ойлгож болно. Одоо хүмүүс гэртээ амьтан тэжээх эсэхээ сайтар тунгаан бодох хэрэгтэй болж байна. Харин нэгэнт авсан бол түүний өмнө хариуцлага хүлээх болно. Энэ бол хүмүүст хариуцлагыг ухамсарлуулах гэсэн зорилт.
– Санал хураалтыг Монголд хэрхэн зохион байгуулсан бэ?
– Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх санал асуулгыг Монгол хоёр байршилд зохион байгууллаа. Эхнийх нь манай Улаанбаатар дахь ЭСЯ-нд, хоёр дахь нь Дархан хот дахь Ерөнхий консулын газрын байранд явагдлаа. Эрдэнэт хот дахь манай нутаг нэгтнүүд гэвэл 6 сарын 27-нд саналаа өгсөн бөгөөд ирц 92 гаруй хувьтай байсан. Энэ ташрамд санал хураалтыг дэмжиж ажилласан Дархан-Уул, Орхон аймгийн удирдлагууд болон Монгол Улсад талархал илэрхийлье.
Ташрамд дурдахад, ОХУ-ын Сонуулийн Төв Хорооноос өнөөдөр мэдээлснээр, 6 сарын 25-наас 7 сарын 1-нд үргэлжилсэн бүх нийтийн санал асуулгын ирц 65 орчим хувьтай өндөрлөж, саналын хуудсын 99.01 хувийг тоолсны дараах байдлаар тус улсын иргэдийн 78.03 хувь нь Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол 21.16 хувь нь эсрэг санал өгсөн байна.
Эх сурвалж: Montsame.mn