Хэдхэн өдрийн дотор 61 цэрэг коронавирусийн халдвар авсны дараа Японы Окинава арал дахь АНУ-ын цэргийн хоёр баазад хөл хорио тогтоожээ.
Дээрх тохиолдлууд энэ долоо хоногийн Мягмар гарагаас Бямба гарагийн хооронд илэрсэн тухай зэвсэгт хүчний командлал өчигдөр мэдээлсэн байна. Окинава мужийн захирагч Дэнни Тамаки “Гэнэтийн мэдэгдэл Окинавачуудыг цочроолоо. АНУ-ын зэвсэгт хүчин вирусийн халдварыг зогсоох арга хэмжээ авч чадаж байгаа гэдэгт бид маш их эргэлзэж байна” гэж мэдэгджээ.
Долдугаар сарын 4-нд тохиосон АНУ-ын тусгаар тогтнолын баярын өдөр Америкийн цэргийн алба хаагчдын зарим нь хотын төвд үдэшлэг зохион байгуулж, наргисан нь халдвар дэгдэхэд нөлөөлсөн гэж Тамаки хэлсэн байна.
Хоёр улсын батлан хамгаалах гэрээний хүрээнд Японд байрладаг АНУ-ын 50,000 орчим цэргийн тал орчим нь Окинава аралд байрладаг.
Тус арлын оршин суугчид болон Америк цэргүүдийн хооронд байнгын зөрчил маргаан гарсаар ирсэн түүхтэй. Хамгийн сүүлд Футенма агаарын баазыг тус арлын хүн ам шигүү суудаг өмнөд хэсгээс нягтрал багатай зүүн эрэгт шилжүүлэх төлөвлөгөөг Окинава арлынхан эсэргүүцэн тэмцэж байгаа. Энэ боломжийг ашиглан тус агаарын баазыг арлаас бүр мөсөн гаргахыг иргэд шаардаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Япон даяар коронавирусийн халдварын 21,500 тохиолдол бүртгэгдэж, бараг 1,000 хүн нас бараад байна.
Харин Окинава аралд халдварын 150 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Окинава арлын иргэдийн хурлаас Баасан гарагт АНУ-ын цэргийн баазууд дотооддоо тарсан халдварын талаар мэдээллийг ил тод, шуурхай зарлахгүй байгааг эсэргүүцсэн тогтоол гаргажээ.
Эх сурвалж: Kyodo News