Нийслэлийн ногоон бүсийн болон төв аймагт байрлалтай 12 зуслан энэ сарын 20 буюу ирэх даваа гаргаас долоо хоногийн хугацаатай 4-5 ээлж хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа тухай НЗДТГ-аас мэдээлэв.
Нийслэлийн ногоон бүсэд байнгын ажиллагаатай 20 хүүхдийн зуслан бүртгэлтэй байдгаас 13 зуслан энэ онд ажиллах хүсэлт ирүүлсэн. Тодруулбал Нийслэлийн ногоон бүсийн 9, Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай 4 зуслан хүсэлт ирүүлжээ.
Нийслэлийн Засаг даргын зургаадугаар сарын 30-ний А/930 “Коронавируст цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Улмаар, долоодугаар сарын 3-нд Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссоос “Коронавируст цар тахлын үед Хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг баталсан юм. Энэ дагуу “Хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага” Монгол Улсын МNS5633:2019 стандартын хэрэгжилтийг хянаж дүгнэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын баг байгуулж ажиллах хүсэлтэй нийслэлийн ногоон бүсийн 9 зусланд энэ сарын 9, 10-нд үнэлгээ хийжээ. Ингэхдээ, Коронавируст халдвар гарсантай холбогдуулан зуслангийн эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтэд илүү анхаарч үнэлэх ажлыг зохион байгуулсан байна.
Хяналт үнэлгээнд хамрагдсан зуслангуудаас нийслэлийн нэг зуслан нь ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Зуслангуудын дундаж үнэлгээ нь 74.6 хувь буюу дундаж үнэлгээтэй байна. Хүүхдийн зуслангуудад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зөвлөмжийг зуслан бүрд хүргүүлсэн байна. Долоодугаар сарын 16-нд ажлын багийн дүнгийн хурлыг зохион байгуулж, цаашид хүүхдийн зусланд тавигдах шаардлага, гарсан зөрчлийг арилгуулах талаар хэлэлцэн хамтран ажиллахаар болжээ.
Даваа гарагаас ажиллах зуслангийн нэрс:
- Найрамдал
- Нарс
- Нарлаг
- Жавхлант
- Галакси
- Сансар
- Цоглог
- Мөрөөдөл
- Цагаан нуга
- Шонхор
- Анар
- Маргаашийн хөгжил