Бразил улс гурван өдрийн гашуудал зарлажээ

Коронавирусний цар тахлын улмаас 100 мянга гаруй хүн нас барсантай холбогдуулан Бразилын Үндэсний конгресс, Холбооны дээд шүүх гашуудал зарлажээ.

“Манай улсад ийм их эмгэнэл тохиож байгаагүй. Өөрийн гэсэн нэр, мэргэжил, төлөвлөгөө, мөрөөдөлтэй байсан 100 мянган хүн энэ дэлхийд, бусдын амьдралд мөрөө үлдээсэн нь эргэлзээгүй. Хууль тогтоох засаглал, Холбооны дээд шүүхийн нэрийн өмнөөс халдварын улмаас нас барсан хүмүүсийн ар гэр, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлж байна. Тэдэнтэй сэтгэл санаагаараа хамт гэдгийг илэрхийлэл болгож, нас барсан иргэдийн дурсгалыг хүндэтгэн Холбооны дээд шүүх гурван өдрийн гашуудал зарлаж байна” хэмээн дээд шүүхийн дарга Диас Тоффолийн мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн Бразилын Үндэсний конгрессын дарга, сенатын гишүүн Дави Алколумбре дөрвөн өдрийн гашуудал зарлажээ.

Коронавирусний халдварт өвчний улмаас нас барсан хүний тоо Бразилд 100 мянга давсан өдөр буюу наймдугаар сарын 8-ны энэ өдрийг түүхэндээ тохиосон хамгийн их уй гашуудлын өдөр хэмээн нэрлэж байгаагаа тэрбээр “Твиттер” хуудсандаа тэмдэглэжээ.

 3 сарын хугацаанд цар тахлаас үүдэн 50,000 хүн нас барсан бөгөөд ердөө 50 өдрийн дотор энэ тоо 1 дахин нэмэгдсэн байна. Цар тахал оргил үедээ хүрээд байгаа ч дэлгүүр, зоогийн газрууд ажилласан хэвээр байгаа юм.

 Ерөнхийлөгч Жайир Болсонаро цар тахлын нөлөөг дутуу үнэлж, эдийн засгаа тогтоон барих нь түүнээс чухал хэмээн үзэж байгаа юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Болсонарогийн засгийн газрын гаргасан төлөвлөгөө  орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж чадахгүй байгаагаас үүдэн вирусын тархалт улам нэмэгдэж байна гэж үзэж байна.

Өмнөх хоёр эрүүл мэндийн сайд цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээн дээр ерөнхийлөгчтэй санал нийлээгүйн улмаас ажлаа хүлээлгэн өгсөн юм. Харин одоогийн эрүүл мэндийн сайд армийн генерал бөгөөд эрүүл мэндийн салбарт мэдлэг, туршлага багатай нэгэн юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …