Өмнөд Суданд ачааны онгоц осолдож, 17 хүн нас баржээ

 Өнгөрөгч Бямба гаригийн өглөө Өмнөд Суданы нийслэл Жуба хотын нисэх онгоцны буудлаас хөөрсөн ачааны онгоц хэдхэн минутын дараа осолдсоны улмаас 17 хүн амиа алдсан байна. “Амьд үлдсэн нэг хүнийг эмнэлэгт хүргэсэн, ослын улмаас нисэх багийн  хоёр гишүүн, онгоцонд сууж явсан 15 хүн амиа алдсан” гэж гэрч болох Жозеф Майон гэдэг хүн ярьжээ. 

 Ослын газарт Өмнөд Суданы Тээврийн сайд Мадут Биар Йол хүрэлцэн ирсэн байна. Борооны улмаас осол болсон газарт гүнзгий намаг тогтсон учраас гал сөнөөгчид болон бусад техник онгоц унасан газарт хүрч очих боломжгүй байгаа тухай Өмнөд Суданы мэдээллийн Nyamilepedia агентлаг сайдын ярьсныг иш татан мэдээллээ.  

Нисэх онгоцны буудлын захирал Кур Куол Ажиеу-гийн мэдээлснээр, Вау ба Авейль хотуудын чиглэлд нисэх ёстой байсан уг онгоц нисэх буудлын ойролцоо осолдон сүйрсэн байна.

 Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна. Жуба нисэх онгоцны буудлын захирлын мэдээлж байгаагаар осол өглөөний 9 цагт болсон бөгөөд ачааны онгоц ажилчдын цалин, хангамжийг хүргэж өгөхөөр нисч байжээ.

Мөн нисэх онгоцны тавцан дээр моторт дугуй, техникийн сэлбэг хэрэгслүүд, хоол хүнсний зүйлс ачиж явсан байна. Нисэх онгоц Зүүн Өмнөд Авиа компанийн харьяанд байдаг бөгөөд 2018 онд тус компанийн бас нэгэн нисэх онгоц Өмнөд Суданд осолдож, 17 хүний аминд хүрч байсан юм. Ослын дараа Өмнөд Суданы ерөнхийлөгч Салва Кийр 2019 оны 4-р сард 20 жил үйлчилгээнд явсан нисэх онгоцоор зорчигч тээвэрлэхийг хориглож, тодорхой хэмжээний ачаа тээвэрлэх захирамж гаргаж байсан юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …