Улсын филармонийн “Баян Монгол” чуулгыг үндэслэн байгуулагч анхдагчдын нэг, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Х.Төмөрбаатар өчигдөр /2020.09.09/ тэнгэрийн орноо заларчээ. Тэрбээр “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар минь”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг дуунуудаараа 70, 80-аад оны залуусыг байлдан дагуулж, Монголын ард түмэндээ хайрлуулан, хүндлэгдсэн ахмад уран бүтээлч байв.
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Х.Төмөрбаатар Хөгжим бүжгийн дунд сургууль төгсч, хуучнаар ЗХУ-ын Львов хотын Хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгсчээ. Улсын филармонийн “Соёл эрдэнэ”, “Баян Монгол” чуулгад гоцлол дуучин, уран сайхны удирдагчаар ажиллаж байсан. Оюутан ахуйдаа 1972 онд Киев хотод болсон оюутан, залуусын эстрад дуучдын уралдаанд оролцож түрүүлснээр эстрад урлагийг сонгосон нэрт дуучин.
Мөн тэрбээр 1977 онд Сочид болсон “Улаан сарнай” тэмцээн, 1984 онд Германы Дрезден хотод болсон “Рок Шлягер” олон улсын тэмцээний III, 1986 онд Братиславын цомын тэмцээний үзэгчдийн, мөн олон улсын “Ая дууны жигүүр”, “Орос дууг хэн сайн дуулах вэ” зэрэг уралдаан, тэмцээн, наадмын тэргүүн байрын шагналуудыг удаа дараа авч, Монголын эстрад урлагийг дэлхий дахинд сурталчлахад онцгой хувь нэмэр оруулсан уран бүтээлч. 2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнагдсан билээ.
Юнител групп “Hero Entertainment” студитэй хамтран ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээж буй хуучны болон орчин цагийн сэтгэлд хоногшсон 100 дууны жагсаалтад түүний дуулсан “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар минь” дуунууд зүй ёсоор багтсан юм.
Монголын эстрадын урлагийн нэрт төлөөлөгч, түүний гэр бүл, үр хүүхэд, анд нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.